Төсвийн алдагдал 1.2 их наядад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.08.02-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал 1.2 их наядад хүрчээ

Хоёр дахь жилдээ “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг энэ сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6-нд өглөө 9.00 цагт эхлэх бөгөөд энэ наадамд мянга орчим лам нар оролцох гэнэ.

 

УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоногт багтаан өндөрлүүлэх бол Засгийн газарт дэд сайдаа тодруулах, агентлагийн дарга нараа томилох ажил хүлээгдэж байна. Хуулиараа дэд сайд нарыг Засгийн газраас томилдог.

МАН дотор дэд сайдад горилогчдын тоо олширсон учраас өрсөлдүүлж, сонгохоор болжээ. Мэргэжил мэдлэг, ажлын дадлага туршлага, намд ачаа үүрэлцэж ирсэн байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзаж үзэх гэнэ.

 

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэх гэнэ.

Олон улсын автотээврийн уг чиглэлд Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, Улаан-Үд хүрэх юм байна. Монгол болон ОХУ олон улсын тээврийн конвенцид нэгдээд байгаа бол БНХАУ үүнд нэгдэхээр хүлээгдэж байгаа ажээ.

 

Анхдугаар чуулган энэ долоо хоногт завсарлаж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байна. Хэрэв энэ долоо хоногт анхдугаар чуулганыг завсарлуулбал, ээлжит бус чуулганыг зарлаж болзошгүй байна. Учир нь, улсын төсвийн алдагдал 1.2 их наяд хүрсэн бөгөөд төсвийн тодотголыг яаралтай хийхээс өөр аргагүй байгаа аж. Одоогоор сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар түр зогсоогоод байгаа юм. Хүүхдийн мөнгийг тавихад төсөвт 140 тэрбум төгрөг шаардлагатай аж.

 

Зам, тээврийн хөгжлийн яам долоо хоног бүрийн Даваа гарагийн 08.00 цагт шуурхай хуралддаг уламжлалтай.

Өчигдрийн /2016.08.01/ шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцлээ. Тухайлбал, төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэхдээ тарифын асуудлаас илүүтэйгээр тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах нь илүү оновчтой талаар ярьж байв.

 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлэх хуультай. Хуульд зааснаар энэ хугацаа ирэх Баасан гаригт дуусгавар болж байгаа юм. Долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авснаас эхэлж тооцвол хуулийн хугацаа ирэх Баасан гаригт дуусч байгаа юм.

 

Өчигдөр “Тольт” дунд сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөлөл, зарим оршин суугчдын хамтаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. “Тольт” дунд сургуулийн захирал Д.Жаргалсайханы хэлж буйгаар спорт заал барих талбай нь хүүхдийн тоглоомын талбайтай огт давхцаагүй гэдгийг мэдэгдлээ. Улмаар "Тольт" сургуулийн эзэмшил газар нь "Наран оргил" СӨХ-ны газартай давхардаагүй хэмээн дүгнэсэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичгийг үзүүлсэн юм. 

МАН-ын гишүүд дэмжигчид “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Тэд өчигдөр мэдээлэл хийж, цаашид мэргэжлийн Засгийн газарт хөндлөнгөөс шүүмж өгч, дэмжиж ажиллах болсон тухай мэдээллээ. Хөдөлгөөнийхний хэлж буйгаар тэд МАН-ыг дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл гэлээ. Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран “Сөрөг хүчин болох Ардчилсан нам дотроо асуудалтай, бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдалтай байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, бүлгэм үүсгэж Ерөнхий сайд, салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч, дэмжиж ажиллана” гэж мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж