Наадмын нээлтэд 4500 гаруй хүн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Наадмын нээлтэд 4500 гаруй хүн оролцжээ

Үндэсний их баяр наадмын нээлтийг Төрийн шагналт, бvжиг дэглээч С.Сvхбаатар, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Төрийн хошой шагналт, хєгжмийн зохиолч Н.Жанцанноров нар хамтран найруулсан. Наадмын нээлтийн ажиллагаа тєрт ёсны уламжлал, эзэнт гvрний тvvхийг харуулсан дєрвєн хэсгээс бvрдсэн юм.

Өнөө жилийн баяр наадамд Монгол ардын армийн цэрэг, офицеруудаас бvрдсэн 1000 гаруй морьтон цэрэг оролцож,  1500 гаруй хөгжимчин, мэргэжлийн морин хуурч, уртын дуучид, Завхан аймгийн 999 морин хуурч хvvхэд, 500  алдарт бий биелээч, уран сайханч оролцсоноороо онцлог боллоо. Наадмын нээлтийн ёслолын дараа Төрийн шагналт, бvжиг дэглээч С.Сvхбаатартай цөөн хором ярилцлаа. 

-Түүхэн ойнууд давхацсан  Үндэсний их баяр наадмын нээлт өмнөх жилүүдээс юугаараа онцлог болсон гэж та Ерөнхий найруулагчийн хувьд дүгнэж хэлэх вэ?

-Жил жилийн наадам өвөрмөц, сайхан болдог. Гэхдээ жилээс жилд баяжуулж  байх ёстой юм. Дараа жилийн наадмын нээлт үүнээс илүү баялаг болно шүү дээ. Энэ жилийн хувьд түүхт олон ой давхцаж байгаа учир нэлээд ач холбогдол өгсөн. Монгол ахуй,  монгол цэргийн ёсүр жавхаа, түүхэн цаг үеийг харуулахыг зорьсон. Онцолж хэлвэл, 18 наснаас дээш  насны 1000 гаруй цэрэг эрс цаг хүрэхгүй хугацаанд монгол цэргийн гайхамшиг, ур чадварыг харууллаа. Мөн 999 морин хуурч, 1000 гаруй хүүхдийн уран гимнастик, үе үеийн уран бүтээлчид наадмынхаа нээлтийг чимж  чадсан гэж бодож байна. Нийт 4500 гаруй уран бүтээлч наадмын нээлтэд оролцлоо. 

-Хэдэн сар бэлтгэлээ базаасан бэ?

-Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас бэлтгэлээ эхэлсэн. Энэ хугацаанд хамтран ажиллах, хамтын уран бүтээлээ гаргахад олон бэрхшээл гарсныг нуухгүй. Бүхий л бэрхшээлийг хамтдаа туулж, наадмынхаа нээлтийг зорьсноороо хийж чадлаа.
 
-Хэдэн зуун хүнийг нэгтгэж, үзүүлбэр бэлтгэнэ гэдэг амаргүй байсан байх?

-Тийм ээ. Монголчууд нэгдмэл, нэг зорилготой байж чаддаг гэдгээ харуулсан гэж  үзэж байна. Нэгдмэл хүчийг уран бүтээлчид маань харуулсан. Орон нутгаас 999 морин хуурчаа бэлтгээд ирлээ, цэргийн ангиуд 1000 гаруй цэргээ бэлтгэж өглөө, мөн уран бүтээлчид маань өөр өөрсдийн бүтээлээрээ оролцлоо. Энэ олон хүнийг цуглуулж чадах уу, үгүй юу гэж зарим нэг нь эргэлзэж байсан. Одоо бол ард түмнийхээ эв нэгдлийн хүчийг харуулж чадсандаа баярлаад зогсч байна.

-Нээлтийн арга хэмжээг санасан хэмжээндээ хийж чадлаа гэж та бодож байна уу. Магадгүй сэтгэл дундуур үлдсэн зүйл  байгаа болов уу?

-Бага зэргийн алдаа гарсан. 1000 гаруй хүүхэд уран сайхны гимнастикийн үзүүлбэр үзүүлж байх үед Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дур мэдэн  маш олон  компанийн сурталчилгаа хийсэн. Гимнастикийн үзүүлбэр үзүүлж байхад талбай дундуур компаниуд алхаад л. Энэ нь наадамчин олны анхаарлыг сарниулсан. Тэд бидний олон сарын хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийг үнэлэх ёстой байсан. Үүнийг том алдаа гэж бодож байна. Гэхдээ наамдын үндсэн бэлтгэл, уран бүтээлчид, ардын авьяастан, уран сайханчид, мэргэжлийн уран бүтээлчдийн чадвар зовлон, жаргалаа хамтдаа  туулж чаддагийг харуулж, наадамчин олноо омогшуулж, хөгжөөж, баярлуулж чадлаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж