Хоёр дахь жилдээ “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг энэ сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Энэ талаар өнөөдөр /2016.08.01/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Да лам Х.Бямбажав, Их Шанзодба Л.Ариунжаргал, боловсон хүчин С.Даваасүрэн тэргүүтэй хүмүүс оролцсон юм.
“Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам байгаа. Ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам гэдэг олон зуун жил Монголд гарч байсан түүх бий” хэмээн Да лам Х.Бямбажав хэлэв.
Цам нь бурхан шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтдаг байна. Их хүрээ цамыг 1999 онд Д.Данзан, С.Сэрээтэр нарын эрдэмт хуврагуудын удирдлагаар эртний уламжлал ёсны дагуу бүрэн сэргээн дэглэн гаргасан ч олон жил завсардсаны дараа өнгөрсөн жил буюу 17 жилийн дараа дахин сэргээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй юм.
Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлүүдийг үйлдэх тухай онцолж байлаа.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6-нд өглөө 9.00 цагт эхлэх бөгөөд энэ наадамд мянга орчим лам нар оролцох гэнэ.
ДАНШИГ НААДМЫН ҮҮСЭЛ
Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазар /1635-1722/-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд “Цагаан нуур" хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд ба энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот өргөн тахиж их баяр наадам үйлджээ.
Энэ наадам бол Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай холбогдон анх үүссэн баяр наадам юм. Монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол билээ.
Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж үүрд тахихын тул халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” гэсэн байна.
Энэ нь монголчууд хэдийгээр өөрсдийн тусгаар байдлаа алдаж, харийн эрхшээлд байсан хэдий ч даншиг наадам нь монголчуудын уламжлалт төрт ёсны баяр наадмын үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээ Манжаас тусгаар төрт ёстой улс гэдгээ ухамсарласан санаа нуугдаж байжээ.
“ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ” ШАШИН, СОЁЛЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР
08 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР, БААСАН ГАРАГ
09:00-18:00, 21.00- 07.00
- Хүрээ жахар цамын хурал хурна.
- Дотоод цам харайна. /Гандантэгчинлэн хийдэд/
08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР, БЯМБА ГАРАГ
- 09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Хүй долоон худагт/
- 10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 11:00 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 11:10-11:25 Соёмбот туг залах ёслол /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 11:25-11:35 Өндөр гэгээний дүрийг зална /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 11.35-11:45 Мандал өргөнө /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 13:00-16:00 Үндэсний сурын харвааны эхэн өрөг /Хүй долоон худагт, Сурын талбайд/
- 13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд/
- 14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр//Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд/
- 14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд/
- 15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 16:30-17:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 16:30-18:00 Үндэсний сурын харвааны дунд өрөг /Хүй долоон худагт, Сурын талбайд/
- 17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 21:00-23:00 “Уул усны домог” 350 уран нугараачдын тоглолт /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/
08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР, НЯМ ГАРАГ
- 08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Хүй долоон худагт/
- 08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 09:00-12:00 Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
- 10:00-13:00 Жороо морины уралдаан /Хүй долоон худагт/
- 12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг /Хүй долоон худагт, Сурын талбайд/
- 15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 17:00-17:20 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. /Хүй долоон худагт, Сурын талбайд/
- 17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 18:00-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Хүй долоон худагт/
- 19:00-19:30 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа /Хүй долоон худагт, бөхийн талбайд/
- 19:30-20:00 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 20:00-20:10 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа /Хүй долоон худагт, цамын талбайд/
- 20:10-21:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт, цамын талбайд/
А.СҮРЭН