Э.Энхзол: Миний карьер одоо л эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.01-нд нийтлэгдсэн

Э.Энхзол: Миний карьер одоо л эхэлж байна

Дуучин Э.Энхзолтой ярилцлаа. Тэрбээр “Dyrberg/Kern” брэндийн дизайн хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд өнгөрсөн Баасан гаригт тус брэндийн салбар Шангри-Ла моллд нээлтээ хийсэн юм. Уг нээлтийн үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Dyrberg/Kern” брэнд Шангри-Ла моллд шинэхэн салбараа нээж байна. Хэд дэх салбараа нээж байна вэ?

-“Dyrberg/Kern” брэндийн тав дахь салбарыг Шангри-Ла моллд нээж байна. Нээлтээрээ “MuuR Fashion” загварын товчооныхонтой хамтран тэдний хувцасны загвар дээр өөрсдийн гоёл чимэглэлүүдийг танилцууллаа.

-Өөрийн чинь хувьд дизайн хариуцсан захирлаар ажилладаг гэв үү?

-Тийм ээ. Энэ компанид дизайн хариуцсан захирлаар ажиллаад хагас жил орчим болж байна.

-Хамгийн сүүлд “Яг түүн шиг” шоунд оролцсон. Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Миний хувьд шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Мөн шинэхэн цомгийн ажилдаа орчихсон явж байна. Дуунууд маань ирэх сараас цацагдаж эхэлнэ.

-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Одоо хурдан л гэр бүлтэй болж, хүүхэдтэй болмоор байна. Гэвч хайртай хүнтэйгээ учрах завгүй л явж байна. Тэгж байтал учрах байлгүй дээ. Найз нарынхаа хүүхдүүдийг харахаар их хөөрхөн харагддаг. Хүүхэдтэй болмоор санагддаг үе гэж байдаг юм шиг байна.

-“Яг түүн шиг” шоунд оролцсноор таныг уран бүтээлч хүний хувьд илүү нээж өгсөн үү?

-Амьдралын минь хамгийн гоё хэсэг энэ шоуны үе байлаа. Би олон найз, нөхөдтэй болсон. Энэ шоунд оролцсноор миний карьер дөнгөж эхэлж байна гэж ойлгож болно. Би анх “Киви” хамтлагт орж байх үед юугаа ч мэдэхгүй жаахан охин байсан. Хэдий дуулаад 13 жил өнгөрсөн ч гэсэн дуулах нь миний хобби л гэж боддог байлаа. Харин “Яг түүн шиг” шоунд оролцсны дараагаар юу хийх ёстойгоо илүү ойлгосон шүү.

-Таныг дуучин мэргэжил эзэмшээгүй гэж сонссон. Гадаад хэлний багш мэргэжилтэй гэсэн үү?

-Миний хувьд дуучны мэргэжил эзэмшээгүй. Англи, орос хэлний багш мэргэжилтэй. Дуучин мэргэжилгүй болохоор дуулахыг миний хобби л гэж боддог байсан. Харин одоо мэргэжлийн хүмүүс “Чи бүх цаг заваа мэргэжлийн дуучин болоход зориулсан ч болох юм байна” гэсэн зөвлөмж, урмын үг надад өгдөг. Энэ бүхнээс маш их урмыг авсан учраас цаашдаа уран бүтээлээ хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Өмнө олон ажил зэрэг хийдэг. Нэг л их ажилтай завгүй хүн байлаа. Хааяа зарим нэг арга хэмжээнд л дуулчихдаг байлаа.

-Мэргэжлийн дуучин биш ч үнэхээр хүчтэй хоолойтой гэдэг. Хоолойн дасгал сургуулилалт хэр хийдэг вэ?

-Би багадаа дуучин болно гэж боддог байлаа. Гэхдээ энэ авьяасаа хөгжүүлж явсангүй. Эцэг, эхээс маань надад ийм сайхан хоолой заяасанд баярладаг. Тэрнээс биш урлагийн сургуульд сураад, өдөржин, шөнөжин гам уншсангүй. Жишээ нь, хуульч, инженер мэргэжлийг хүн сурч болдог. Харин гоё зурах, сайхан дуулахыг байгалиас заяадаг гэж боддог.

-Дуучин Э.Энхзол их дайчин, хөдөлмөрч бүсгүй юм. Энэ таны төрөлх зан чанартай холбоотой юу?

-Би ийм хүн байгаагүй. Хоёр жилийн өмнө аав маань бурхан болсон. Аавыгаа амьд байхад юунд ч санаа зовохгүйгээр сайхан ээж, аавын буянд тайван, ажил төрлөө хийгээд амьдардаг байлаа. Харин аавыгаа өнгөрсний дараагаар өөрийгөө маш их дайчлах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Би үр хүүхэддээ, ойр дотны хүмүүстээ, эх орондоо хэрэгтэй хүн болох ёстой. Хүмүүс амарч байхад би ажлаа хийгээд явж байх ёстой гэдгийг хожуу ч гэсэн ухаарсан. Оросын зүйр үгэнд “Огт ойлгоогүйгээс хожуу ч гэсэн ойлгосон дээр” гэдэг.

-“Яг түүн шиг” шоуны үеэр ялагч болж чадаагүй ч шилдгийн шилдэгт өрсөлдсөн. Энэ шоуны үеэр олон дэмжигчидтэй болсон уу?

-Би ялагч болоогүй ч “Их адилхан байсан”, “Маш сайхан үзүүлбэр үзүүллээ” гэх мэт намайг дэмжсэн урмын үг их хэлж байсан. Түрүүлээгүй болохоор ч надад их урмыг үг хэлсэн байх. Гэхдээ энэ шоунд оролцсноороо түрүүлэх нь чухал биш. Хоёр сарын турш телевизийн оргил цагаар гарна гэдэг бол бид бүгдээрээ ялагчид.

-Хувцасны дизайн зохиодог гэж дуулсан. Өөрийн брэндээ хэзээ гаргах вэ?

-Би хоббигоороо хувцасны загвар зохиодог. Энэ чиглэлээр “ZOL studio” гэдэг өөрийн брэндтэй. Одоохондоо түр ажиллахгүй байгаа. Гэхдээ тун удахгүй хувцас загварын шинэхэн газар нээх төлөвлөгөөтэй байгаа. Би 2015 оны “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч Ч. Дэлгэрцэцэгийн хувцаснуудыг хийсэн. Мөн “Single ladies 2” киноны жүжигчин А.Туяагийн хувцсыг хийж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж