Цагдаагийнхан 24 цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан 24 цагаар ажиллана

Тэгш дөрвөн ой давхацсан энэ жилийн үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага ямар бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Нийслэлийн  хэмжээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, замын хөдөлгөөнийг зохицуулах гээд нийт 2000 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор Хүй долоо худаг, цэнгэлдэх хүрээлэнд  нөхцөл  байдал тайван байна. Гэхдээ наадмын нээлтийн дараа иргэд олноороо гол ус барааддаг. Туул голын улсын төвшин өндөр  байгаа учир наадамчин олныг  болгоомжтой байхыг анхааруулъя. Мөн Хүй долоо худагт явган иргэд морьтой хүмүүст дайруулах аюултай. Морьтой, машинтай иргэд явган  зорчигчдоо хүндэтгэж, хөдөлгөөнд оролцохыг хүсч байна.

-Эргүүлүүд хаагуур ажиллаж байна?

-Хөдөлгөөнт, машинт, явган эргүүлээс гадна, морьтой,  хоёр дугуйтай, мотоцикльтой эргүүлүүд гарч байна. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 35 мотоцикль шинээр өгсний арвыг нь Замын цагдаагийн газарт, үлдсэн 25-ыг Хөдөлгөөнт эргүүлийн газарт хуваарилсан. Мотоцикльтой эргүүл  хотоос гарах замуудад хяналт тавьж, аюулгүй  байдал хангах үүрэг гүйцэтгэж байна.

-Цагдаагийн байгууллага хэдэн цаг хүртэл ажиллах вэ?

-Орой Сүхбаатарын талбай дээр арга хэмжээтэй учир цагдаагийнхан ажиллана. Ерөнхийдөө бүх дүүргийн цагдаагийн хэлтэст 24 цагийн жижүүр, нэмэлт хүч гарган ажиллаж байна. Дээр нь Хөдөлгөөнт эргүүл, мотоцикльтой эргүүл 24 цагаар ажиллана. Явган эргүүл уртасгасан цагаар ажиллах бол Төв цэнгэлдэх хүрээлэнд 24 цагийн жижүүр ээлжлэн гарч байна. Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид наадмын ажиллагаа дуустал 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж