Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойрныг “Нарантуул” захтай адил болгохгүйн тулд энэ жил зөвхөн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 500-600 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоод байгаа. Улмаар цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 500 аж ахуйн нэгж нийтийн хоол, хүнсний худалдаа явуулж байгаа бол Хүй долоо худагт хуушуурын 150, явуулын хүнсний худалдааны 100 цэг ажиллаж байна. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ажиллаж буй эдгээр нийтийн хоолны үйлчилгээ наадамчин олны хэрэгцээнд хүрэлцэхгүй, өнөөдрийн үдээс өмнөх байдлаар хуушуур худалдаалж буй бүхий л цэгүүдэд наадамчин олон дугаарлаж, 1-2 цаг хүлээх хэрэгтэй болж байлаа. Хуушуурын үнийн тухайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 500-800 төгрөг байна.
С.Отгон