Бразилийн Рио-де-Жанейро хотноо хүн төрөлхтөний спортын их наадам олимп нээлтээ хийхэд гуравхан хоног үлджээ. Зуны XXXI олимпод оролцох олон улсын тамирчид Риод хэдийн хүрэлцэн очоод байгаа юм. Гэвч зарим тамирчид, тодруулбал Хятадын шигшээ багийнхан олимпын зохион байгуулалт, орон байрны нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа цахим ертөнцөд нийтэлж шуугиан тариад байна. 2008 онд Бээжин хотноо уг наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хятадуудын хувьд Бразилийн олимпыг хамгийн муу нь хэмээн цоллож байна. Түүнчлэн Австралийн шигшээ баг Олимпийн хотхонд буухаас татгалзан, ойролцоох зочид буудалд байрлажээ. Учир нь олимпын наадам эхлэхэд цөөн хоног үлдсэн атал бөглөрсөн угаалгын өрөө, ус гоожсон хоолой, ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлэггүй шат, хонгил, бохирдсон шалтай өрөө хүлээж авсан аж. Олимпийн тосгонд 11000 тамирчин, 6000 дасгалжуулагч байрлана. “Рио-2016” олимпод Хятадын 416 тамирчин оролцох эрх авсан аж.
Хятадын хэвлэлүүд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Бразилийн олимпын үеэр аюулгүй байдлын асуудалд санаа зовниж буйгаа мэдээлсээр ирсэн юм. Тухайн үед нэгэн хятад эмэгтэй дээрэмдүүлж, буудлагын багийн гишүүдийн кредит картнаас хянагдаагүй гүйлгээ хийгдсэн зэрэг асуудлыг “Синьхуа” мэдээлж байв. Түүнчлэн Хятадын гадаад хэргийн яамнаас Бразильд аялахаар төлөвлөсөн иргэддээ Рио хотын эрсдэлтэй газруудаар явахгүй байхыг сануулсан байна.
Хятад улс “Бээжин-2008” зуны олимпын наадмыг 40 гаруй тэрбум ам.долларыг өртгөөр зохион байгуулжээ. Энэ нь Сочи-2014 өвлийн наадмын дараа хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдсан олимп болсон юм. Тус наадам дэлхий дахинаа 4.7 тэрбум хүний анхаарлыг татаж чадсанаар хамгийн их хүн үзсэн спортын наадам болсон билээ. Бээжин хотноо “Шувууны үүр” цэнгэлдэхийг барихад 11 сая ам.долларыг зарцуулсан байна. Өдгөө жуулчид нэг хүний 20 ам.доллар төлснөөр цэнгэлдэхийг бүхэлд нь тойрон дүүжин кабинаар аялах боломжтой. Бээжинд олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр галт буудлагад 1.3 сая ам.долларыг, хаалтын ёслолд 90 сая ам.долларыг зарцуулсан байв.
Үнэндээ Бразиль улс олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш ард түмний зүгээс эсэргүүцэл, олон улсын шүүмжлэлд тасралтгүй өртсөөр ирсэн ч бууж өгөөгүй юм. Бразилийн ард иргэд олимпын наадмыг зохион байгуулах төсвийг эсэргүүцэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн удаа томоохон жагсаал зохион байгуулсан билээ. Үүний дээр Бразилийн хамгийн том нефтийн корпораци Петробрасыг тойрсон авлигын дуулианд засгийн газрын гишүүд төдийгүй ерөнхийлөгч Дильма Руссефф холбогдсоноор огцроход хүрсэн юм. Энэ хооронд Бразильд ургийн тархины гажиг, саажилт үүсгэдэг Зика вирусын халдвар гарч, олон улсад аюулын харанга дэлдсэн билээ. Латин Америк, Карибын 20 гаруй оронд Зика вирус тархаж, олон мянган жирэмсэн эмэгтэй халдвар авснаар ДЭМБ онц байдал зарласан юм. Гэвч энэ бүх асуудалд бууж өгөлгүй Бразиль улс Олимпын наадмыг зохион байгуулах үүргээ биелүүлж байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчныг Рио-гийн олимпод өрсөлдүүлэхээр болсон. Энэ жил Монгол Улсаас Олимпийн наадмын есөн төрөлд 42 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангасан. Харин Олимпийн наадмын араас залгуулан үргэлжлэх Паралимпийн таван төрөлд найман тамирчин оролцох юм. Иймд Монголын спортын байгууллагууд тамирчдынхаа ая тухыг ханган дэмжих үүднээс автобус хөлслөн үйлчлэхээр болсон нь олны сайшаалыг хүртэж байна. Түүнчлэн Mонголын баг анх удаа тусдаа тогоочтой байх болсон юм.