ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр хуралдах тов гараагүй ч сайдад нэр нь дэвшээд буцаагдсан дөрвөн горилогчийг дахин УИХ-д өргөн мэдүүлэхгүй нь тодорхой болжээ.
Бидэнд олдсон мэдээллээр Ерөнхий сайд болон МАН-ын удирдлагууд дээрх байр суурь барьж буй аж. Ингэхдээ нэгэнтээ нэрийг нь сайдад нэр дэвшүүлэхэд олон нийтээс шүүмжлэл хүлээсэн, Мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс тэднийг сайдаар томилох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэсэн дүгнэлт гаргасан тул Ерөнхий сайд шийдвэрээ гарган, 11 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан тул дахин мэдүүлэх дөрвөн сайдад цоо шинэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж эх сурвалж хэллээ.
- News.mn сайт өнгөрөгч гуравдугаар сард иргэн Ц.Оюунцэцэгийн зөвшөөрөлгүй барьж буй барилгын талаар “Анхаар: Аюултай барилгууд” http://www.news.mn/r/239127 цуврал сурвалжлагыг хүргэж байсан билээ.
Хажуугийн барилгаас дөнгөж 1.5 метрийн зайтай, хоёр байшин хоорондоо алхмын төдий хэсгээр тусгаарлагдсан, барилгын тухай хууль, норм дүрэм зөрчсөн тухай энд дурдсан.
Тэгвэл өнгөрөгч даваа гаригт /VII.25/ болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр уг барилгыг буулгах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргажээ.
- Бразилын Рио-де-Жанейро хотод болох зуны XXXI олимпийн наадам эхлэхэд 10 хоног үлдлээ. Олимпийн наадамд оролцох тамирчдын байрлах Олимпийн тосгон долдугаар сарын 24-ний өдөр үүдээ нээж, тив тивийн тамирчдыг хүлээн авч эхэлжээ. Олимпийн тосгонд 11000 тамирчин, 6000 дасгалжуулагч байрлана.
Тосгоныг зочдын тав тухтай байдал, тамирчдын хэрэгцээ шаардлагыг хангах бүхий л зүйлсээр хангасан гэж байгаа ч шүүмжлэл холуур өнгөрсөнгүй.
Өнгөрөгч ням гаригт Бразилд хөл тавьсан Австралийн олимпийн баг хотхонд байрлахаас татгалзан, хотхоны ойролцоох зочид буудалд байрлажээ. Учир нь олимпын наадам эхлэхэд цөөн хоног үлдсэн байхад бөглөрсөн угаалгын өрөө, ус гоожсон хоолой, ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлэггүй шат, хонгил, бохирдсон шалтай өрөө хүлээж авсан нь Австралийн баг тамирчдын эгдүүцлийг хүргэж, "Рио олимпийн хотхонд хүн байрлах боломжгүй" гэж үзэхэд хүргэсэн байна.
- Дархан өртөөний замд энэ сарын 22-23-нд шилжих шөнө мод ачиж явсан ачааны галт тэрэгний зургаа нь эх биеэс салж, осолдсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатар, Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан нар мэдээлэл хийлээ.
Уг осол нь эхний вагон замаас гарсны улмаас тоормосны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд нь хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас гарсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласнаар сэргээн босох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
- Ашиглалтад орсноосоо хойш ямар ч шинэчлэл, засвар хийгээгүй Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн жил асуудалд орж яаралтай арга хэмжээ авахаар болсон. Энэ дагуу засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний төвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийж буй.
Мөн Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Тэгвэл тус ажил ирэх есдүгээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
- Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж эрх зүйч А.Гантамир өчигдөр /2016.07.26/ “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуультай зэрэгцэн аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болсон.
Иймээс аймгуудад сонгуулийн үр дүнд байгуулагдсан Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж, Засаг дарга нараа тодруулсан. Гэвч Сүхбаатар аймагт болсон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан нам 16 мандатыг, МАН мөн 16 мандатыг авсан. Нэг мандатын төлөө дахин сонгууль явуулахаас аргагүй болсон аж. Өөрөөр хэлбэл, аль ч нам нь олонх болж чадаагүй нөхцөл байдал үүссэн аж.
- Сүүлийн үед хөдөө орон нутагт бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх явдал багагүй гарах болжээ. Өнгөрөгч даваа гаригт л гэхэд ийм дуудлага цагдаагийн байгууллагад хоёр ирсэн байна.
Тухайлбал, Завхан аймгийн Тэлмэн суманд гурван настай хүү буцалсан сүүнд түлэгдсэний улмаас амь насаа алджээ. Түүнийг түлэгдсэн даруйд нь Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн боловч эмчлэгдэж байгаад нас барсан байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
- Ирэх долоо хоногоос буюу наймдугаар сарын 1-нээс насжилт дууссан микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.
Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна. Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ. Тиймээс дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа. Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобусаар алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна.
М.КЕЙТ