Азийн даамын холбоо, Монголын даамын холбоо болон Монгол Улсын Засгийн газартай зохион байгуулж буй 100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд манай улсад болж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж байгаа билээ. Тэмцээн МУБИС-ийн байранд болж байна.
Тэмцээний үндсэн төрөл 9 өрөг тоглох бөгөөд өчигдөр 6-р өргийн тоглолт боллоо. Өнөөдөр 7, 8-р өргийн тоглолтууд болж, маргааш сүүлийн өрөг болсноор Азийн аварга даамчид тодорно.
Эрэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аварга Г.Ганжаргал, БНХАУ-ын Жоу Вэй болон 64 буудалт даамын дэлхийн аварга Узбекстаны А.Артиков нарын таван улсын шилдэг 24 даамчин өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аварга Г.Ганжаргал, БНХАУ-ын Жоу Вэй болон 64 буудалт даамын дэлхийн аварга Узбекстаны А.Артиков нарын таван улсын шилдэг 24 даамчин өрсөлдөж байна. Тэднээс одоогоор 6 өргийн дараа Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 10 оноотой тэргүүлж эхэлсэн бол их мастер Д.Эрдэнэбилэг 9 оноотой удаалж байна. Тэмцээнийг тэргүүлэгч Р.Манлай өчигдөр 6 дахь өрөгтөө БНХАУ-ын Т.Чэнчэнг хожиж, 4 хожил, 2 тэнцээ хийгээд байна. Их мастер Д.Эрдэнэбилэг Азийн аварга Жоу Вэйтэй тэнцээ хийснээр тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдлээ.
Эхний 10 байранд Монголын долоон тамирчин болон БНХАУ-ын хоёр, Узбекстаны нэг тамирчин бичигдэж байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм. Хятадын Жан Ю, их мастер М.Нямжаргал нар адил 9 оноотой тэргүүлж байгаа бол Б.Нандинцэцэг, М.Одгэрэл нар 8 оноогоор удаалж байна.
Тивийн аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг www.mondaam.mn сайтаар шууд мэдээлж байна. Мөн тэмцээн болж буй МУБИС-ийн байранд шийдвэрлэх өргүүдийг дэлгэцээр харуулж байгаа. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зэрэг явагдаж байгаа учраас олон тивийн аваргууд төрөн гарах юм.
Ч.БОЛОР