Хичээлийн шинэ жил сарын дараа эхэлнэ. Бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.
-Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хэчнээн хүүхэд байна вэ?
-Жилийн жилд сургуулийн өмнөх насныхны цэцэрлэг хамрагдалт, хүртээмжийн асуудал чухлаар тавигддаг. Өнгөрсөн оны статистик тоогоор улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 256 мянган хүүхэд байгаа гэсэн дүн гарсан ч энэ жил 288 мянгад хүрч нэмэгдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд төрөлт өссөнтэй холбоотой юм. Жилд дунджаар 70-80 мянган хүүхэд шинээр мэндэлж байгаа гэсэн үзүүлэлт байдаг. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай учраас яамны зүгээс цэцэрлэгт бүрэн хамруулахаар анхаарал хандуулж байна.
-Ирэх намар хэдийг нь цэцэрлэгт хамруулах боломжтой бол?
-Өнгөрсөн оны статистикаар 201 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. Энэ жилийн тайлангаас харахад 221 мянган хүүхэд хамрагдаж байна. Эдгээрээс цэцэрлэгт 201 мянга, үлдсэн 20 гаруй мянган хүүхэд хувилбарт сургалт буюу /тусгай болон гэр цэцэрлэгт / хамрагдана гэсэн дүн мэдээ байна.
-Энэ жил шинээр хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох бололцоотой байгаа вэ?
-Улсын хэмжээнд нийт 1288 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс улсын цэцэрлэг 890 гаруй бол 460 нь хувийн өмчийн цэцэрлэг. Нийслэл цэцэрлэгүүдийн хувьд орон нутагтай харьцуулбал ачаалал өндөр. Цэцэрлэгүүдийн бүлэг дүүргэлтийн хувьд нэг бүлэгт 40-60 хүүхэд хамрагдаж байгаа. Ийм тоо Баян-Өлгий аймагт ч гэсэн гарч байгаа юм.
Жилд дунджаар 30-38 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулдаг. Энэ жил салбарын хэмжээнд шинээр 158 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 31 цэцэрлэг, 22 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ерөнхийдөө энэ жилдээ 50-60 шинэ цэцэрлэг, сургуулийн барилга ашиглалтад оруулж, хүүхдүүдээ хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа.
-Багшлах боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
-Цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангамж 98 хувьтай байгаа. Тэгэхээр багш нарын хүртээмжийн асуудал сайн байгаа гэсэн үг. Ер нь сургуулийн өмнөх насны боловсролд хүүхдийг бүрэн хамруулах зорилгоор УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсан.
Энэ хичээлийн жилээс дээрх хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ үйлчилгээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдээ хамруулах зорилготой юм. Өмнө нь дээрх асуудлыг Хүн ам, хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцаж байсан бол одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахаар болж өөрчлөгдсөн.
-Хүүхэд харах үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Бэлтгэл хэр хангагдсан бол төрөөс бас тодорхой хэмжээний хөрөнгө гаргах шаардлагатай байгаа?
-Хүүхэд харах үйлчилгээний хуульд зориулан энэ жил улсын төсвөөс 10-11 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд 20-30 мянган хүүхдийн хувьсах зардлыг хамруулан төсөвлөсөн гэсэн үг. Хүүхэд харах үйлчилгээг аж ахуй нэгж, хувь хүмүүс ч эрхэлж болно. Улсаас хүүхэд харах үйлчилгээний төв нь 20 хүүхдээс хэтрүүлэхгүй, нэг бүлэг нь зургаан хүүхэдтэй, төлбөрийн хэмжээ 150 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж өгсөн.
А.ЦЭЭСҮРЭН