УИХ-ын 2016 оны сонгуульд төсөөлж байгаагүйгээрээ үнэмлэхүй ялалт байгуулсан МАН эрх мэдлийнхээ хуваарилалтыг хийж, засаг барьсан намын жаргалыг амсч байгаа шигээ нөгөө талдаа ялсан намын зовлонг эдэлж эхэллээ.
Тусгаар тогтнолын ордон хавиар өдөржин эргэлдэж, үлий сахьсан сар шиг үүд хаалгыг нь сахиж бялууны зүсэм ч болтугай олоод хүртчих санаатай суугаа нөхдүүдийнхээ эхийг нь эцээж, тугалын нь тураахгүйхэн шиг хуваалтаа хийхгүй бол М.Энхболдын нэр хүнд, байр суурь нь нам дотроо ганхаж мэдэх юм. Ямар сайндаа л М.Энхболд дарга намынхаа гишүүдээсээ хаана, ямар албан тушаал дээр ажиллах хүсэлтэй байгааг нь амаар ч, бичгээр ч авах болсныг нам дотроос нь батлах хүмүүс цөөнгүй байна.
Ардын нам нь хэдийгээр аливаа зөрчил хэрүүлээ хамраараа ч гадагшлуулах дургүй ч энэ удаад олон нийтийн сүлжээн дэх МАН-ынхнаас нисгэх бор шувуудыг харахад эрх баригчид эрх мэдлийн төлөөх цусгүй дайнд хэдийнэ морджээ гэмээр. Ардчилсан нам шиг ил цагаандаа гараад “алалдахгүй” ч ханцуйндаа “хутгаа” нуугаад ар өврөөс нь дүрээд эхэлсэн дүр зураг ч харагдаж байна.
Үнэндээ ялагдсан АН-ын хувьд намаа шинэчлэх л ганц том зовлон үлдсэн бол ялсан МАН-ын хувьд эрх мэдлээ хуваахаас эхлээд эдийн засгаа хямралаас гаргах зэргээр үй түмэн зовлон өмнө нь хүлээж байгааг сануулах юун.
МАН-ынхан ялалтын шокноосоо ч гаралгүй, ихэнх нь бялууны зүсэм олоод хүртэх санаатай баярлалдаад л гүйгээд байна. Харамсалтай нь, эдийн засгийн байдал тоон үзүүлэлтүүдийг харахад ингэж их баярлах нь арай л эртдэх болов уу.
Чухамдаа ялах нь сайхан ч зална гэдэг амаргүй ажил. Ямба, ял хоёроо зэрэг эдэлнэ гэдгээ эрх баригчид эрх биш мэдэж байгаа биз дээ.
ҮЗХ-ны хуралдаанаараа Ардчилсан нам Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр болсон. Найман жилийн дараа анх удаа хуралдах гэж буй Их хурлаараа Ардчилсан нам шинэчлэгдэх үү, эс шинэлэгдэх үү гэдгээ шийднэ. УИХ-ын сонгуульд үсгүй болтлоо арчуулах дөхсөн Ардчилсан намын хувьд намаа хэрхэн яаж шинэчлэх нь хамгийн гол зовлон нь болчихоод байгаа нь худлаа биш. Харин чиг эрх мэдлийн тойргоос гадуур үлдсэн Ардчилсан намынханд үнэндээ зовлон бага, зодолдох шалтгаан ч үгүй болсон гэж хэлж болохоор.
Тэгвэл МАН-ын хувьд эрх мэдэл горьдсон, горилсон намын олон нөхдийнхөө “аманд” бялуугаа яаж хүргэх вэ гэсэн том зовлонд унаад буй. Дээр нь тэднийг бялуугаа хэрхэн хуваахыг анаад сууж байгаа ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх бас нэгэн зовлон, мөн мөнгөгүй авдартай улс орноо хямралаас хэрхэн гаргах, яаж мөнгө олох зэрэг олон олон хүнд, хэцүү асуудалтай нүүр тулаад байна.
Тэр тусмаа Ж.Эрдэнэбатын танхим бүрэн бүтэн болж чадаагүй, үлдсэн дөрвөн сайдын суудал дээр зодолдох намын фракцуудынхаа учир зүйг хэрхэн олохоос эхлээд М.Энхболдын хувьд ялсан намын даргын сайхныг нь гэхээсээ илүү зовлонг эдэлж байгаа гээд хэлчихэд буруудахгүй.
Тэрчлэн олон нийтийн сүлжээн дэх МАН-ын гишүүдийн хандлагаас харахад 13 дэд сайдаа тодруулах гэж бөөн хэрүүл, багагүй дажин болох нь дамжиггүй байна. Зарим нь эхнээсээ л М.Энхболдод хаягласан үгээ олон нийтийн сүлжээнд ил далдаар илэрхийлээд, шантаажлаад, шахаад эхлэв үү гэлтэй харагдаж буй юм. Энэ мэтээр Ардын намынхан авсан засгийнхаа эрх мэдлийнхээ хуваарилалтыг хийх гэж толгойгоо гашилгах зуур эдийн засгийн асуудлууд улам хүндэрч эхэлснийг тоонууд нотолсоор. Долларын ханш гэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрт амласнаас нь даруй хоёр дахин өндөр ханштай байгаа билээ.
Нөгөө талаар жилийн эхний хагаст нэг их наяд давсан алдагдалтай төсвөө яаж нөхөх вэ гэдэг томоос том толгойны “өвчин” тэднийг хүлээж буй. Хэрэв эдийн засагт даруйхан арга хэмжээ авахгүй бол МАН цалин тэтгэврээ цагт нь төлж чадахгүй болж мэдэх юм шүү. Ядахнаа мөрийн хөтөлбөртөө эдийн засгаа хямралаас гаргана, импортлогч бус экспортлогч орон болно, дөрвөн жилд дөрвөн сая жуулчин хүлээж авна, татвар нэмэхгүй, агаар нь цэвэрхэн Улаанбаатартай болж, ам долларын ханшийг бууруулж, оюутны төлбөрийн дарамтыг багасгаж, үндэсний тэтгэлгийг нь үргэжлүүлэн олгож, дөрвөн хүүхэддээ бүх ээжүүдэд байр үнэгүй өгч, гаднаас өндөр хүүтэй зээл авахаас татгалзана гээд амалчихсан байдаг.
Үнэнийг хэлэхэд өнөөдөр ч, МАН-ынхан ялалтын шокноосоо ч гаралгүй, ихэнх нь бялууны зүсэм олоод хүртэх санаатай баярлалдаад л гүйгээд байна. Гэвч, эдийн засгийн байдал тоон үзүүлэлтүүдийг харахад ингэж их баярлах нь арай л эртдэх болов уу. Учир нь ам.долларын ханш 2070 төгрөг хүрч, төсвийн алдагдал 1.1 их наядаар хэмжигдэж, экспортын орлого 177 сая доллараар буурч, валютын нөөц багасч хямрал улам гүнзгийрч байна. Нэмээд сануулахад 2017 оноос эхлэх дөрвөн тэрбум ам.долларын өрийг төлөх үүрэг МАН-д оногдсон билээ. Тиймээс албан тушаал хуваадаг юмаа гэхнээ амалснаа бас ажлаа мартаж боломгүй.
Чухамдаа ялах нь сайхан ч зална гэдэг амаргүй ажил. Ямбаа эдэлсэн шигээ ялаа үүрэх ёстойгоо эрх баригчид эрх биш гадарлаж байгаа биз дээ.