Долдугаар сарын 24-ний өдөр Швейцарийн Лозанн хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны цахим хурлаар ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргахдаа сэргээш хэрэглэж байсан нь нотлогдсон оросын тамирчдыг шийтгэлийн хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хатуу болзол тавьсан билээ.
Иймд 2006 онд сэргээш хэрэглэсэн нь илэрч, тэмцээнд оролцох эрхээ бүтэн жилээр хасуулж байсан Оросын 57 кг-ын жингийн бөх, Дэлхийн хошой аварга В.Лебедев олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд оролцох боломжгүй болжээ.
Иймд Оросын эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид олимпийн аварга, Европийн хошой аварга Жамал Отарсултанов, Европийн спортын наадмын аварга Александр Богомоев, залуу бөх Гажимурад Рашидов нараас аль нэгийг нь олимпийн наадамд оролцуулахаар сонгох болжээ.
ОХУ-ын 387 тамирчин Зуны олимпийн “Рио-де-Жанейро” наадамд оролцох эрх авсан ч WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, CAS, Спортын арбитрийн шүүх, ОУОХ-ны шийдвэр болон IAAF, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо, IWF, Олон улсын хүнд атлетикийн холбоо зэрэг зарим спортын олон улсын холбооны шийдвэрийн улмаас 40 болтлоо цөөрч болзошгүй байдал үүсээд байна.
Ганцхан ОХУ-ын тамирчдыг сэргээш хэрэглэсэн шийтгэлийн хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хатуу болзлыг тавьснаараа ОУОХ нь бүх орны тамирчдад тэгш хандах тухай Олимпийн хартийн үндсэн зарчмуудын нэгийг зөрчсөн гэж үзэж байна.
Д.ӨЛГИЙСАЙХАН