News.mn сайт өнгөрөгч гуравдугаар сард иргэн Ц.Оюунцэцэгийн зөвшөөрөлгүй барьж буй барилгын талаар “Анхаар: Аюултай барилгууд” http://www.news.mn/r/239127 цуврал сурвалжлагыг хүргэж байсан билээ.
Хажуугийн барилгаас дөнгөж 1.5 метрийн зайтай, хоёр байшин хоорондоо алхмын төдий хэсгээр тусгаарлагдсан, барилгын тухай хууль, норм дүрэм зөрчсөн тухай энд дурдсан.
Тэгвэл өчигдөр /VII.25/ болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр уг барилгыг буулгах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргажээ.
Иргэн Ц.Оюунцэцэгийн барилга Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,”Хүннү” хорооллын урд байрладаг.
Нийтийн байр, орон сууцны хотхоны голд, айлын цонх таглаж, 1.5 метрийн зайнд барьсан. Хот байгуулалтын тухай хуулиар бол ганцхан алхам бус, 15 метр зайд барих ёстой. Ингэж байж орон сууцуудын галын аюулгүй байдал хангагддаг. Мөн орон сууцад нарны тусгал ч хэвийн ирнэ. Зураг төсөлгүй, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илт зөрчсөн энэ барилгыг 2014 онд дөнгөж цутгалтын ажил хийх үед мэргэжлийн хяналтын байцаагч акт тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж, иргэний нэр дээрх барилга учраас хуулийн дагуу 250-500 мянган төгрөгөөр торгосон байна. Гэвч акт, торгуулийг үл тоон ажлаа үргэлжлүүлсээр барилгын ажил дуусчээ.
Гурван жил орчмын хугацаанд, хууль зөрчиж барьсан уг барилгыг нураах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Мөн энэ барилгаас гадна иргэн Ц.Машбатын ЭХЭМҮТ-ийн баруун талд хууль зөрчиж барьсан барилгыг буулгахаар болсон байна.
Улсын ахлах байцаагч У.Ёндон "Хуулиараа иргэнийг 250-500 мянган төгрөгөөр л торгодог. Гэтэл энэ торгууль нь үүргээ ухамсарлаж, үйл ажиллагаа зогсоох хэмжээний биш учраас тоодоггүй. Бид акт тогтоодог. Эргээд шалгахаар ирэх бүрд нэг юм нэмэгдчихсэн, барилгын ажил үргэлжилж байдаг" хэмээн тухайн үед учирлаж байсан юм.
Мөн хажуугийн орон сууцны оршин суугч Б.Батзаяагийн хэлснээр үзэгдэх орчныг нь хязгаарласан, аюулгүй байдалд нь заналхийлсэн уг барилгыг бариулахгүй хэмээн удаа дараа тэмцжээ. Гэвч оршин суугчдын үйлдлийг үл тоон барилгын ажил үргэлжилсээр байсан хэмээн учирлаж байв.
Ямартай ч гурван жил орчмын хугацаанд, хууль зөрчиж барьсан уг барилгыг нураах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Мөн энэ барилгаас гадна иргэн Ц.Машбатын ЭХЭМҮТ-ийн баруун талд хууль зөрчиж барьсан барилгыг буулгахаар болсон байна. Засаг дарга С.Батболд цаашид ч энэ мэт хууль зөрчсөн, эрсдэлтэй барилгуудыг нураана гэдгийг энэ үеэр анхааруулсан байна.