Сүхбаатар аймгийн ЗД хууль зөрчиж томилогдсон гэв

Хуучирсан мэдээ: 2016.07.26-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн ЗД хууль зөрчиж томилогдсон гэв

Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж эрх зүйч А.Гантамир өнөөдөр /2016.07.26/ “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуультай зэрэгцэн аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болсон.

Иймээс аймгуудад сонгуулийн үр дүнд байгуулагдсан Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж, Засаг дарга нараа тодруулсан. Гэвч Сүхбаатар аймагт болсон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан нам 16 мандатыг, МАН мөн 16 мандатыг авсан. Нэг мандатын төлөө дахин сонгууль явуулахаас аргагүй болсон аж. Өөрөөр хэлбэл, аль ч нам нь олонх болж чадаагүй нөхцөл байдал үүссэн аж.

Гэтэл Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөөр сонгогдсон МАН-ын бүлгийн гишүүд маргаантай байгаа энэ асуудлыг эцэслэлгүй, дахин сонгуулийн үр дүнг харалгүй, Засаг даргыг хүч түрэн сонгож, шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ирүүлсэн байна.

Улмаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг чөлөөлөх шийдвэр гаргаж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргажээ.

Энэ нь Үндсэн хуулийн 1.2 дах заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн тэрбээр тайлбарлалаа. Иймээс Ерөнхий сайдыг хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж байна гэсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж