Африк дахь Хойд Солонгосын дипломатууд хирсний эвэр нууцаар хилээр гаргадаг хэмээн Женевт төвтэй Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээгээр Хойд Солонгосын дипломатууд сүүлийн 30 жилийн хугацаанд Африкийн өмнөд хэсгээс байнга хирсний эвэр нууцаар зөөн гаргадаг байсан гэнэ. 1986 оноос хойш Хойд Солонгосын дипломатууд хирсний эвэр хилээр хууль бусаар гаргасан хэрэгт 29 удаа холбогдон шалгагджээ.
Хойд Солонгосын дипломатууд албаны эрхээ ашиглан цүнх, ачаа бараандаа хирсний эвэр нуун хилээр шалгалтгүй гарахыг завддаг аж. Тухайлбал, өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын 3-нд Мозамбекийн нийслэл Маруто хотноо Хойд Солонгосын дипломат Пак Чольжуны автомашинаас 4.5 кг хирсний эвэр, 100 мянган ам.долларын бэлэн мөнгө олдсон байна. Пак Чольжун нь Өмнөд Африкийн Преториа хотноо орших Хойд Солонгосын элчин сайдын яамны улс төрийн консул аж. Түүнтэй хамт Хойд Солонгосын таеквондогийн мастер Ким Жонсуг баривчлан, автомашиныг нь хураасан боловч 30 мянган ам.долларыг төлснөөр суллагджээ.
Зимбабве болон Мозамбек дахь Хойд Солонгосын элчин сайдын яамд улсаас санхүүжилт авдаггүйгээр барахгүй Пхеньян руу мөнгө шилжүүлдэг гэнэ. Африкийн өмнөд хэсгийн ядуу буурай энэ хоёр орны эдийн засаг нь сул, улс төр нь тогтворгүйгээс зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа хирсний эврийн хууль бус наймаа газар авсан байдаг аж. Хойд Солонгосоос гадна Хятад, Вьетнам улсын элчин сайдын яам, консулын газрын ажилчид ч хууль бус хирснйи наймаанд холбогддог байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: RADIO FREE ASIA