Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгыг нээж хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2016.07.26-нд нийтлэгдсэн

Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгыг нээж хэлсэн үг

Хас төрийн хуулийг хатуу чанд сахиулах, хамаг олон ардаа хайрлан асрах сэтгэлээр, “хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засаг”-ийн алтан дээд үнэний аялгууг баримтлан Монгол төрийн алтан жолоог өв тэгш амьдралын сайн сайхан зам мөр, өнө бат наашлахын ерөөл бэлэгдэлтэй найм дахь жилдээ түшиж буй эрхэм хүндэт төрийн тэргүүн, улсын Ерөнхийлөгчөө!

Бурхан багшийн хөхрөх далай мэт гүнзгий, хөх тэнгэр мэт арвин ном судар ,ханьцашгүй онол сургаал, яндашгүй өв соёл, шидэт тарнийн шившлэг хүчнийг шингээсэн, эрдэм номын гэгээн гэрлээрээ гийгүүлсэн монголын бурхны шашинтны төв Гандантэгчилэн хийдийн хансүр, Зонховын шашны гавж Амгалан багш, Хүдэнгийн гэгээн Очирвааны хувилгаан Жалханз хутагт Данзанчойжийванчиг, ар халхын наян найман шидтэй Нар ванчин гэгээн Данзанлхүндэв тэргүүнтэн буяны ариуслаар олны сэтгэлийг адислагч ариун номын хуврагуудаа!

Хөх монголчуудын өнө эртний шүтээн хөхрөх алтай Очирваань хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад идээ хоолын мацаг барьж дотор биеэ цэвэрлэн, хийморын рашаанд булхаж гадна биеэ ариутган, ерөөл билгийн сайн үгсээр үг яриа, хэл аялгуугаа төгөлдөржүүлэн, есөн цагаан үйлс хүслээр сэтгэл оюунаа цэнэгжүүлэн зам мөр заяа төөргөө даатгахаар, хийморь сүлд юугээн бадраахаар, хишиг буяны авшиг хүртэхээр эргэх дэлхийн дөрвөн зүг найман зовхисоос зорин ирсэн элэг нэгт Монгол ахан дүүсээ!

Та бүхэндээ билгийн тооолын 17-р жарны гал бичин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын арван наймны газар лусын эзэн хөхөгчин могой өдрийн ашдын бэлэгшээлт, алтан туурт морин цагийн гэгээн мэндийг айлтган дэвшүүлье.

Заяа даасан Отгонтэнгэр хайрхантай Завхан сайхан нутгаар маань

цэнхэр тэнгэрийн хурын үүлнээс шиврээ бороо ивлэн асгарсан,

цэлгэр уудам талын цэцэгт нугаар сэвшээ салхи эргэлдэн бүжсэн,

тэнгэр газрын савслагаар хөх ногооны униар зэрэглээ татсан,

тэнүүн уудам тал нутагт маань эрдэнэт мал сүрэг багшран бэлчсэн

хөвөгч нарны шижир алтан туяа хөрст дэлхийг төөнөн дулаацуулсан

хөвч ой ,элсэн манхан, тунгалаг уст мөрөн голууд үзэсгэлэн гоогоо тунаруулан мишээсэн

айл бүрийн үүднээс айраг цагааны исгэлэн үнэр ханхалсан

амар амгалан аж байдал тэгш дүүрэн цогцолсон өгөөж баян, дэлгэр сайхан зун болж байна

Тэнгэр заяат нүүдэлчин Монголчуудын буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг өнө мөнхөд ивээн даасан оройн дээд шүтээн, огторгуйн чимэг, Хангай ханы сувдан сондор, ихэмсэг оршихуйн төгс бэлэгдэл, төгөлдөр гоёмсогийн тэнгэр уул, ар өврөөс нь рашаан булаг ундарсан, арц цэцэгсийн үнэр арван зүгтээ анхилсан, найман тахилын цэнгэг нуураар сөгнүүлсэн,наян найман үзэсгэлэнгийн охь манлай цогцолсон, мөнх цаст, мөнгөн дуулгат Этүгэн цагаан уул минь ээ!

Хөх тэнгэрийн чимэг болон зүмбэрлэсэн хөвөн цагаан үүлийг хөшиглөн сэмлэж наадсан наран дэвсгэрт бадамлянхау цэцгэн дээр залран буй нууцын орныг сахин хамгаалагч, бодийн дээд сэтгэлийг үүсгэн очир баригч, догшин сахиуст Богд Очирваань хайрхан тандаа сүслэн мөргөм үү!

Бурхан багшийн таван өнгийн гэрлийг арван зүгийн огторгуйд тултал цацруулан, төрийн найман цах аялгууг яруу эгшиглэнтэйгээр дуурсуулан, сайн цагийн мянган бурхдыг урин залсан, хамаг тэрсүүдийг илтэд номхотгосон, өлзий хутгийн цогийг бадраасан Богд Очирваань хайрхан тандаа сүслэн мөргөм үү!

Мөнх цасан дуулгат мөнгөн цагаан тэргүүн оргил зүмбэрт нь галт наран титэмлэн мандсан, хаан суудалт их бие нь хадан байц хяр,ханан өндөр хясаа элгэн шовх сарьдаг бүхий Хүрэн ороонго, Цаст хана, Чулуун эрээн ,Дөрөө зэрэг өвөрмөц сонин уулсын тогтоцоос бүрдсэн ,эрдэнийн шимт ургамалын аймаг, энгүй ховор амьтны ертөнц, , эрчлэн урсах мөрөн голууд,элгэн тараг шиг шавар, халуун хүйтэн рашаан булаг, агар завьяа найман нуур, анхилуун үнэртэй таван өнгийн арц, асгат толгойн алтан элс, тэнгэрийн цэцэг вансэмбэрүү, цагаан зандан мод , цэвэр тунгалаг агаар мандал гэхчлэн сав шим ертөнцийн төгс төгөлдөрийн түмэн гайхамшиг цогцолсон Богд Очирваань хайрхан тандаа сүслэн мөргөм үү!

Хүн байгалын мөнхийн шүтэлцээ, хүйн холбоо, шүтэн барилдлах ариун ёсыг дээдлэн Цаст Очирваань хайрханы эзэн тэнгэр шадар бүгдийг савдаг, навдаг, шивдэгийн хамт урин залж сүлдэт их овоог нь эрхт төрийн ёс жаяг, сүр хүчин, элбэрэлт бурхны шашны дээдийн номын адистат хүчээр аргадан тахихын учир юу хэмээвээс:

Нэгэн зүйл: Очирваань бурхны орон оршсон Отгонтэнгэр уулын төрийн тахилга болбоос улс гүрний маань язгуурын хүч чадал, тусгаар тогтнолын бэлэгдэл тул өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн газар нутгийн дархлаа, үндэсний аюулгүй байдал, халдашгүй дархан хил хязгаар, нүүдэлчин соёл иргэншлийн үнэт өв сан, уламжлал ёс заншил,үндэсний шашин, монгол хэл соёл, аж төрөхүйн өвөрмөц хэв байдал зэргийг даяарчлалын давалгаанд дангаарчилан хадгалах арга билгийн хос зарчмыг хэрэгжүүлэх зан үйл бөлгөө.

Нэгэн зүйл: Эргэх дөрвөн цагийн улиралд хувирах цагийн аясыг даган аж төрж ирсэн манай өвөг дээдэс өнө эртнээс гучин гурван говийг арван гурван Алтай тэтгэж улмаар арван гурван Алтайг хорин дөрвөн Хангай дагуулна хэмээн дээдэлж ирсэний тул Хангай ханы хааны титэм лугаа ноён оргил өндөр хүндэтгэлт Богд Очирваань хайрхан Отгонтэнгэр уулын төрийн тахилга болбоос Алтай Хангайгаа дээдэлсэн говь хангай хосолсон уудам сайхан тал нутгийн нүүдэлчин ард түмний аж байдал ган зудгүй, гачлан зовлонгүй, тэнгэрийн хишиг газрын өгөөж тэгш дүүрэн, элбэг хангалуун энх сайхан амьдралыг аргадан хүсэмжилсэн арга заслын дээд бөлгөө.

Нэгэн зүйл: Хүмүүн төрөлхтний дундаас хөх тэнгэрийн онцгой содон хөх тэмдэгтэй төрдөг хөх Монголчууд бид хөхрөх алтай Очирвааны долоон өнгийн солонгон бүрхүүлт хаалганы өнгөт хилийг зөн билгийн их урсгалаар нэвтрэх оньсон түлхүүрийг нээн олох, далд ертөнцийн нууцын эрчимлэг урсгалыг оюун сэтгэлийн ариун бясалгалаар танин мэдэж мэдлэгээ мэргэн ухаан болгох, бумбын эриний эрдэмлэг хүмүүний ёсоор дотоод ертөнцөөрөө шүтэлцэн амьдрах сайн цаг үе дөтлөн айсуй тухай өнгөрсөн ба өнөө цагийн судлаач мэргэд нэгэн дуугаар сануулан буй нь Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ирэх цагийн өнгөн дэхь ач тус, зөн билгийг зөгнөн илтгэмой.

Буддын сургуультан ард иргэд ээ!

Эх газрын хөрс дэвсгэр оюу ногоон өнгөөр сүлэгдсэн, эцэг тэнгэрийн номин цэнхэр нөмрөг дээр өлзийт наран саран мандан гийсэн, түвшин жаргалтай энэ өдөр Хангайн асар их нурууны ноён оргил Богд Очирваань хайрханы эзэн тэнгэрийг тайхаар Монгол төрийн тэргүүн, улсын ерөнхийлөгч маань төрийн элч түшээд, түшмэд дагалт, хутагт хувилгаад, лам хуврагуудаа бараа болгон морилон иржээ.

Өнө эртний сүлдэн тахилгат их овооны дэргэд Очирвааны хувилгаан хүчний хүрдийг эргүүлэгч суут эзэн богд Чингис хааны хөрөг, хаан төрийн долоон эрдэнэ найман тахилын хамт заларч, хамаг Монголын төрийн хүч чадал мандан бадрахын бэлэгдэл төрийн их хар сүлдний умардын элч сүлд , эрх чөлөө тусгаар тогтнолын бэлэгдэл эрдэнийн соёмбот төрийн далбаа, Очирваань хайрханы заяагдан оршсон Завхан аймгийн далбаа манджээ.

Оройн дээд Очирваань хайрханы 1995 оноос хойш сэргээн тахьсан зургаа дахь удаагийн тахилга ёслол “төр нь шашнаа хүндэтгэх шашин нь төрөө дээдлэх” Үндсэн хуулийн зарчимын дагуу, өмнөх он жилүүдэд сайн соёл болон нэгэнт тогтсон дэг журмын дагуу зохион байгуулагдана.

Энэ удаагийн тахилгын өвөрмөц онцлог юу вэ хэмээвээс:

-Төрийн тахилгын урлаг соёлын үзүүлбэрт: уламжлалт шашны урлагийн өвөрмөц сонин үзүүлбэр бүжгэн жүжиг болох бурхны шашныг хамгаалагч, арван зүгийг тэтгэгч, авралын дээдийг хайрлагч, ариусал гэгээрэлд хөтлөгч, арван хангал сахиус болоод бурхан багшийн зарлигаар гаслангаас нөгчилгүйгээр амьтны тусад бурхны шашныг дэлгэрүүлэн зохиогч 16 архад, таван тивийн гурван арьстан энх тайвнаар эв найртай амьдрахын бэлэгдэл цагаан, шар, хөх гурван өвгөн бүхий 108 их цамын иж бүрэн тоглолтыг үзүүлэн бурхдын бүжгээр уул усны эзэн тэнгэр болоод ард олныхоо алаг мэлмийг тань баясган, сэтгэлийн ариуслыг тань хөгжөөнө.

-Улсын филормоны морин хуурын чуулга төрийн хан хуурчдын хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж уул ус, улс амьтныг баясган хоёрхон чавхдасаар хорвоогийн бүх үйл явдлыг үгүүлдэг хотол түмний маань үнэт өв соёлыг эзэмдэгч морин хуурч хүмүүний хөгжмийн зэмсэг эзэмших өндөр ур чадварын дээд чадамжийг илтгэсэн эх орноо, энх сайхан амьдралаа магтан дуулсан гайхамшигт аялгуунууд эгшиглүүлэн уул усны эзэн тэнгэр болоод ард олныхоо сонор юуг тань мялаан, уяслыг тань ивэлгэн, ухаарлыг тань тэтгэнэ.

-Даян дэлхийд суу алдраа мандуулсан ар Монголын шилдэг дуучид Монгол сайхан эх орон, Очирваань хайрханаа магтан дуулсан ая дуугаа цуурайтуулан түмэн олныхоо зүрхэн тольтыг тань жаргаан, түгээмэл жавхааг тань бадруулна.

Хуран цугласан ард иргэдээ!

Их онгон уул, эрт эдүгээ болоод ирээдүйн гурван цагийг даасан ивээлт Богд Очирваань хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгад хүрэлцэн ирж мөнх тэнгэрийн хүчин дор биширч ухааны орноо ариусган, язгуураас уламжилсан номт төрийн ёсыг дээдлэн журам дэгийг барьж, бурхны шашны судар ном, шидэт тарнийн шившлэг хүчин дор чин сүсгийг айлтган хүсэл бүхнээ даатган мөргөн залбирч буй түмэн олон та бүхэндээ: зорьсон үйл хэрэг тань бүтэмжтэй, зорилго тэмүүлэл тань ирмүүн, хишиг буяны тань хур зузаан, амьдрал ахуй тань чинээлэг сайхан, зүрх сэтгэл тань амар амгалан, үр хойчийн тань эрдэм ухаан төгс төгөлдөр, үйлс амьдралын тань цог хийморын сүлд наран босоо, эргэх дөрвөн цагийн улирал зохиролтой сайхан, эд таваар ,тариа будаа элбэг дэлбэг, эрдэнэт мал сүрэг энх мэнд, эх сайхан Монгол эх орон минь цэцэглэн хөгжиж мандан бадрахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол туургатны их шүтээн Богд Очирваань хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын үйл ажиллагаа нээж буйг дуулган сонордуулья!

Ум сайн амгалан болтугай. Хурай хурай хурай.

Завхан аймгийн Засаг дарга Баруун хотгойд овогтой

Жамьянжавын Жамьянтив

17-р жарны гал бичин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын арван наймны газар лусын эзэн хөхөгчин могой өдөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж