Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд зочилж байна.
Тэрбээр долдугаар сарын 24-нд Улаанбаатарт ирсэн юм. Тэрбээр маргааш /VII.25/ цөөн тооны хүмүүст зориулж лекц уншина. Олны анхаарлыг татаж буй уг илтгэл 13:00 цагаас "Шинэ Монгол" технологийн дээд сургуулийн байранд болох ажээ. Лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн 300 зочин урилгаар оролцох юм байна.
ЖЭК МА ГЭЖ ХЭН БЭ?
Хятадын Жөжян мужийн Ханчжоу хотод 1965 онд төрсөн энэ эрийг дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт Alibaba.com-ын үүсгэн байгуулагч гэдгээр дэлхий таньдаг. Бөмбөрцөгийн хамгийн нөлөөтэй, хамгийн баян, хамгийн сайхан бүсгүй зэрэг дэлхийн анхаарлыг татсан жагсаалтыг гаргадаг "Форбс" сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятад иргэн Жэк Ма хүүхэд байхдаа хичээл сурлагадаа тийм ч сайн биш, дэггүйдүү, багш нартаа хулигаан, хоёроос өөр дүн авдаггүй, нойлын ногоон тэг хэмээн загнуулдаг нэгэн байсан гэдэг.
Багш нартаа загнуулж явсан жаалхүү ямар замыг туулж, хэрхэн дэлхий даяараа мэдэх “Alibaba” худалдааны сайтын эзэн болж, дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд орсон тухай түүхийг товчхон хүргье.
Ма англи хэлийг хүүхэд байдаа сурчээ. Хэл сурахын тулд гадаадын иргэдтэй тав гурван үг солихоор өглөө болгон дугуй унаж ойролцоох зочид буудлыг зорьдог байж. Энэ “аялал” есөн жилийн турш давтагдаж түүнд англи хэлээ үнэгүй сайжруулах дасгал болсон аж. Дунд сургуулиа төгсөөд Жак Ма Бээжингийн Их сургуульд элсэх хүсэлтэй байсан гэнэ. Ингээд гурван ч удаа элсэлтийн шалгалт өгөөд бүтэлгүйтсэн тул Ханчжоудаа эргэн ирж “Hangzhou” Багшийн дээд сургуульд элсэж, 1988 онд англи хэлний багшийн бакалаврын зэрэгтэй төгсчээ. “Hangzhou”-д тэр оюутны даргын сонгуульт албыг хашиж байсан Ма сургуулиа төгсөөд тэр Электрон үйлдвэрлэлийн институтэд ажилласан ч сард ердөө 100 юанийн цалин авч байв. Тиймээс ажлынхаа хажуугаар орчуулга хийж, түргэн хоолны сүлжээ рестораны менежерийн туслахаар ажиллаж эхэлсэн байна.
1992 онд Ма найзуудтайгаа нийлж, Орчуулгын товчоо ажиллуулах болжээ. Энэ нь төсөөлж байсан шиг нь өөдрөг байсангүй. Орлого олохгүй бүдэрсэн тул товчоогоо хааж бэлэн хувцас, бэлэг дурсгалын зүйлс гээд наймаалах ажил эрхлэх болсон тэр өөрийгөө гайгүй наймаачин гэдгээ мэдэрсэн байна. 1994 онд Жак Ма интернет худалдааны талаар анхны мэдээллээ олж авчээ. Ингээд 1995 оны эхээр тэрээр АНУ-д очиж, найзуудын тусламжтайгаар интернэт кафе ажиллуулж, өөрийнх нь эх орон БНХАУ-д интернэт гүн гүнзгий нэвтрээгүй болохыг олж мэдээд маш их гайхаж байжээ. Энд Хятадын тухай ерөнхий мэдээллээс өөр юм бараг үгүй байв.
Тиймээс найзуудтайгаа нийлж вэб сайт нээсэн байна. Харин үр дүнд нь таван цагийн дотор олон и-мэйл захиа хүлээн авч вэб хуудсаа хөгжүүлж эхэлсэн байна. 1995 оны дөрөвдүгээр сар гэхэд тэр эхнэр болон найзуудынхаа хамтаар 20 мянган ам.доллар цуглуулж, интернэт компаниа жинхэнэ утгаар ажиллуулж эхэлжээ. Энэ бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт байв. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хөгжин цэцэглэж байгаа Хятадын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн дэлхийг бүрхэж байхад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгох ажлыг тэр барьж авсан байлаа.
1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан ба БНХАУ-ын барилгын компаниудын вэбсайтыг эхлүүлжээ. Ажил нь үнэхээр бүтэмжтэй урагшилж, Ма гэрээсээ ажлаа удирдаж, телевиз үзэн, хөзөр тоглож суусан ч тэд өөрсдөөрөө их бахархаж байсан гэдэг. Энэ бол Ма-гийн амьдралын онцлох он жил байсан бөгөөд сүүлд Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон юм. 1999 онд Ма найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, Аlibaba.com сайтаа нээлээ. Ажлын өрөө болгон орон сууцны нэг өрөө байрыг хөлсөлж байлаа. 1999 онд Жак Ма эх орондоо буцаж ирсэн байна. Энэ үед АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк alibaba.com-д таван сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны Softbank Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өссөн байна. Гурван жилийн дараа буюу 2002 он гэхэд Алибаба ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Ма Юнь-г хүмүүс барууны маягаар Жек Ма хэмээн дуудах болжээ. Ма бизнесээ өргөжүүлэн хувь хүний мэдээлэлд үндэслэсэн Taobao.com-ийг 2002 онд нээв. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн хурдаар өсч, 2005 онд Yahoo Taobao.com-ийн хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авлаа.
Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 300 сая хүн эдний сайтуудаар үйлчлүүлж байна. Жэк Ма-гийн 1999 онд 60 мянган ам.доллараар байгуулсан Хятадын электрон арилжааны "Alibaba" компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгддэг. Ма урилгаар их, дээд сургуулиудад лекц уншдаг байна. Жишээ нь, Wharton School болон Пенсильвани мужийн их сургууль, Массачусетсийн Технологийн дээд сургууль ,Харвардын их сургууль, Бээжин их сургуулиудын урилгад дарагддаг байна. Монголд ирээд буй Жэк Ма залууст зориулж лекц унших юм байна. Түүний лекц долоодугаар сарын 27-нд болох аж. Интернэт худалдааны хамгийн том сайтын эзэн Жак Ма Хятадад үйлдвэрлэгдэж байгаа хуурамч бараа бүтээгдэхүүн нь бол бидний хамгийн аюултай, хор хөнөөлтэй дайсан гэж үздэг. Нэр бүхий компани, фирмийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх явдлыг Оюуны өмчийн газрууд бүрэн хянах ёстой гэж үздэг нэгэн.
ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"