Хасаа харваа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Хасаа харваа үргэлжилж байна

Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын сур харваа долдугаар сарын 8-ны өдөр урианхай сурын харваагаар эхэлж, 9-нд буриад сурын харваагаар үргэлжилсэн бол өчигдөр баяр наадмын халх сурын харваа эхэлсэн юм.  Энэ жилийн наадамд Улсын мэргэн цолтон 32, спортын мастер 120, дэд мастер цолтой харваач 30 гаруй оролцож байна. Хана харваагаар эхэлсэн халх сурын харваанд харваач бүр нийт 40 сум тавих юм. Өнөөдөр тус наадам хасаа харваагаар үргэлжилж байгаа бөгөөд маргааш шигшээ харваа болж, цэц мэргэд тодрох юм.

Наадмын сурын талбайд зочлон улсын их баяр наадамд гурав дахь жилдээ оролцож буй залуу харваач Б.Цэцэгмаатай товч ярилцлаа.
 
-Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд нийт хэчнээн харваач цэц сорьж байгаа вэ?

-Нийт 460 гаруй харваач өнөө жилийн баяр наадамд өрсөлдөж байна. Эрэгтэй, эмэгтэй хана харваанд 20 сум, хасаа харваанд 20 сум, нийтдээ 40 сум тавьж уралдаж байгаа.

-Харваачдын цэц хэр байна?

-Өчигдрийн байдлаар нийт харваачид маань хана харваандаа эхний 16 сумаа тавьсан. Үүнд улсын мэргэн Баярсайхан, спортын мастер Хаданчулуун нар нэг ч алдалгүй харваж, бусдыгаа манлайлж байна. Тэр хоёрын араас нэг хоёр сумын зөрөөтэй харвасан олон харваачид удаалж яваа.

-Өмнөх жилүүдэд хэчнээн сур харваачид оролцдог байсан бэ? Энэ жил харваачдын тоо өссөн үү? Залуу харваачид хэр олон байна?

-Өнгөрсөн жил 200 гаруй харваач оролцож байсан. Энэ жил нэг дахин олон харваачид оролцож байна. Улсын зэрэг цолтой, мэргэчүүд олон байна. Мөн залуу харваачид маш олноороо хүч түрэн орж ирж байгаа нь Үндэсний сурын спорт цаашид хөгжих сайхан ирээдүй харагдаж байна. Маргааш харваачид үдээс хойш хасаанд 12 сум тависнаар нийт дүнгээ гаргана.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж