Наадмын сурын талбайд зочлон улсын их баяр наадамд гурав дахь жилдээ оролцож буй залуу харваач Б.Цэцэгмаатай товч ярилцлаа.
-Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд нийт хэчнээн харваач цэц сорьж байгаа вэ?
-Нийт 460 гаруй харваач өнөө жилийн баяр наадамд өрсөлдөж байна. Эрэгтэй, эмэгтэй хана харваанд 20 сум, хасаа харваанд 20 сум, нийтдээ 40 сум тавьж уралдаж байгаа.
-Харваачдын цэц хэр байна?
-Өчигдрийн байдлаар нийт харваачид маань хана харваандаа эхний 16 сумаа тавьсан. Үүнд улсын мэргэн Баярсайхан, спортын мастер Хаданчулуун нар нэг ч алдалгүй харваж, бусдыгаа манлайлж байна. Тэр хоёрын араас нэг хоёр сумын зөрөөтэй харвасан олон харваачид удаалж яваа.
-Өмнөх жилүүдэд хэчнээн сур харваачид оролцдог байсан бэ? Энэ жил харваачдын тоо өссөн үү? Залуу харваачид хэр олон байна?
-Өнгөрсөн жил 200 гаруй харваач оролцож байсан. Энэ жил нэг дахин олон харваачид оролцож байна. Улсын зэрэг цолтой, мэргэчүүд олон байна. Мөн залуу харваачид маш олноороо хүч түрэн орж ирж байгаа нь Үндэсний сурын спорт цаашид хөгжих сайхан ирээдүй харагдаж байна. Маргааш харваачид үдээс хойш хасаанд 12 сум тависнаар нийт дүнгээ гаргана.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.