-Түүнийг яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай-
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардууллаа.
Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт өмнө нь 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан болно. Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Намбарын Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан билээ.
Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн ч иргэн Намбарын Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирсэнгүй.
Холбоотой мэдээ