ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Франц зэрэг улсын томоохон хотуудын дарга болон орлогчид хүрэлцэн ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм.
- 2016 онд улсын хэмжээнд ял шийтгүүлэгчдийн тоо болон шийдвэрлэсэн хэрэг буурсан байна. 2016 онд 2600 гаруй эрүүгийн хэрэг шийдвэрлэж, 2900 гаруй хүнд ял оноожээ. Өөрөөр хэлбэл, шүүхэр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх жилээс 26 хувиар, ял авсан хүний тоо 32.5 хувиар буурсан дүр зураг юм. Ийнхүү ял авсан, шийдвэрлэсэн хэргийн тоо буурсан нь Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай автозамд аадар борооны улмаас замын хөвөө шуудуу үерт урсаж эвдэрсэн байна. Иймд жолооч зорчигчид та бүхэн зам дагуу хөвөөн дээр зогсолт хийх болон орой үдшийн цагаар зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулж байна.
- Тав, зургадугаар сард бууралттай байсан долларын ханш зургадугаар сараас өсч эхэлснээр нэг ам.доллар 2056 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам долларыг 2056 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2057-2058 төгрөгөөр зарж байна. Долларын ханшийн улсын төсөвт 2030 төгрөгөөр тооцож суутгасан бөгөөд эдийн засагчдын зүгээс төсвийн тодотголыг яаралтай хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа билээ.
- Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин хотруу бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж, БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ. Тодруулбал, ялтан О-г хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авчирсан байна.
- Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд автобусны буудлын замд "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 62 настай эмэгтэй Д-г унагаж гэмтээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баруун Сэлбийн гудамж 15-р байрны урд замд “T.Prius” маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 06 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.
- 2016 оны УИХ болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн маргаан өмнөх сонгуулиудаас өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тайлангийн хурлын үеэр дурьдлаа. Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлсэн байна. Тухайлбал, сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, мөн сурталчилгааны самбар буулгасан зэрэг зөрчил иржээ. Мөн нэрсийн жагсаалттай холбоотой, тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн маргаан ихээр ирсэн байна.
- Монгол Улсын Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдахаар болжээ. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг байна. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар шийдвэрлэжээ.
NEWS AGENCY