ОХУ: Түймрийн 72 голомт  бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.07.26-нд нийтлэгдсэн

ОХУ: Түймрийн 72 голомт  бүртгэгджээ

© Кирилл Кухмарь/ТАСС

ОХУ-д гарсан ойн түймрийн голомт Красноярскийн хязгаарт долдугаар сарын 23-нд бүртгэгдсэнээс хойш Орост нийтдээ 72 түймрийн голомт бий болж, 9,5 мянган га ой шатжээ. Энэ тухай Оросын Онцгой байдлын  яамны  Хямралын төвийн  дарга Виктор Яцуценко мэдэгдсэн байна. Түүнээс хойшхи гурав хоногийн хугацаанд Ямала-Ненецийн дүүрэг, Якутск болон Алс дорнодод түймрийн голомт нэмэгдсэн байв.

Яцуценкогийн хэлснээр, Красноярскийн хязгаар дахь түймрийн 14 голомтод 5631 га  тайга шатаж байна. Мөн Ямало-Ненецийн автономын тойрог дахь 24 голомт 1495 га газрыг хамарчээ.

Түймэртэй тэмцэх нисэх бүлгийн тоог нэмэгдүүлсэн бөгөөд  газар усны Бе-200ЧС онгоц Ямало-Ненецийн автономын  тойргийн түймрийг унтраахад дайчлагдан, ажилдаа оржээ. Түймэртэй тэмцэх  хүн хүчний  эрчимтэй дайчилгааны улмаас  байгалийн түймрийн  голомтыг бууруулж чадсан. Мөн сансраас уг бүс нутагт байнгын  хяналт хийж, хамгийн хүнд байдалтай голомтуудад шуурхай чиглүүлэн ажиллаж байгаа гэж албаныхан тайлбарлажээ.

СИБИРИЙН ТАЙГЫН ТҮЙМРИЙН УТАА АЗИЙГ БҮРХЖЭЭ

Ус, тоос, шаталтын бичил хэсгүүд түймрийн голомтоос хальж, хил залгаа бүс нутгуудыг бүрхжээ.  Сибирийн түймрийн утаа униар Ижил мөрөн, Кама голын сав  нутгийн хэсгийг бүрхсэн байдалтай байна. Оренбург мужийн хүмүүс утааны улмаас толгой өвдөх, нойрмог байдал үүсэх сөрөг үр дагавар ажиглагдаж байгааг хэлжээ. Энэ их түймрийн утаа Монголд ч гэсэн мэдэгдэхүйц ажиглагдаж, Сибирийн түймрийн гол голомтуудын нэг Буриадын түймрийн утаа Монголын нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүрхээд байна.

“Агаар мандал дахь урсгал Сибирийн түймрийн утааг тарааж байна. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд аюулгүй” гэж цаг уурчид тэмдэглэснийг зарим мэдээлэлд дурьджээ.

Агаарын масс ийм их өргөн орон зайд тархаж байгаад гайхах зүйлгүй. “Японы Фүкүшима атомын цахилгаан станцын ослын дараах  цацраг идэвхит бодисийн  агаар мандал дахь хаягдал Исландад хүртэл хүрч байсан юм.  Тэгэхээр  агаарын массын хөдөлгөөнд 500-1000 км гэдэг бол тийм ч том биш орон зай юм” хэмээн шинжээчид тайлбар хийлээ.

"Агаар мандлын хорт бодисын хаягдал хэм хэмжээнээс даваагүй. Байдлыг  хянаж байгаа” гэж Оросын Онцгой байдлын яамны төлөөлөгч мөн мэдэгджээ.

СИБИРИЙН  ТҮЙМРИЙН  ТОО НЭМЭГДЭВ

© AP Photo/Ted S. Warren

Даваа гаригт ТАСС агентлагийн мэдээлснээр, Сибирийн  ойн түймрийн  талбай бараг 700 га-гаар нэмэгдсэн ба Красноярск, Буриат, Эрхүү мужид  5,3 мянган га тайга шатаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн баасан гаригт Красноярскийн түймрийн талбай пүрэв гаригийн 2,2 мянган га/гаас 2,8 мянган га хүртэл өсчээ. “Одоо  тус хязгаарг 16 түймэр асч байгаагийн 714 га талбайн түймрийг цурманд нь оруулаад байна” гэж хязгаарын Онцгой алба мэдээлэв.

Буриадад өнгөрсөн өдрүүдэд түймрийн голомтын тоо нэмэгдсэний гол  шалтгаан нь аянга буусан  явдал болжээ.  Баасан гаригт гэхэд галын голомтод 450 хүн ажиллаж, 268 га газрыг хамарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээлсэн байв. Эрхүүгийн тайгын таван газар түймэртэй байгаа бөгөөд нийт 362 га шатаж байна.  Өмнөх бдрүүдэд  түймрийн  таван голомтын галыг унтраажээ.

УТАА ХЭЗЭЭ АРИЛАХ ВЭ?

Оросын баруун бүс нутаг баруун Сибирийн эсрэг циклоны нөлөөнд байх учраас утаа долоо хоногтоо саринахгүй талдаа байгаа ажээ.  Ойн түймрийн улмаас үүссэн ийм нөхцөл байдал хамгийн сүүлд 2010 оны наймдугаар сард бүртгэгдсэн байна. Тухайн үед Оренбург мужид 2-4 км-ийн цаадах үзэгдэх орчин хязгаарлагдаж, тэнгэр бүрхэж байжээ. “Ойрын үед бороо орж, салхины  өөрчлөлт гарснаар агаар цэлмэг болно” гэж Татарстаны цаг уурчид мэдээлсэн байна.

ТҮЙМЭР ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ЭРҮҮГИЙН 63 ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Буриадын хууль хяналтын байгууллагынхан  гал түймрийн аюултай байгаа гурван сарын хугацаанд түймэр гарсан баримттай холбогдуулан 63 эрүүгийн хэрэг үүсгэн,  гал гаргасан 23  гэм буруутныг олж тогтоожээ.

Шүүх захиргааны зөрчлийн 1,6 мянган протоколыг  авч хэлэлцэж байгаа бөгөөд одоо 2,4 сая рублийн торгууль тогтоогоод байгаа аж. Бүс нутгийн ойн эргүүлд өдөр бүр 600 гаруй хүн ажиллаж байгаа аж. Зөвхөн энэ амралтын өдрүүдэд гэхэд түймэртэй холбоотой 35 зөрчил илрүүлсэн байна.  Оны эхнээс 11 эргүүл хийж 2,7 мянган зөрчил илрүүлжээ.


МӨНХИЙН ЦЭВДЭГ ХАЙЛЖ ЭХЭЛЖЭЭ

© AP Photo/Ed Andrieski, архив

Ямалын хойгт нэг хоногийн хугацаанд 246 га талбайг хамарсан 12 түймэр бүртгэгджээ. Тиймээс долдугаар сарын 20-ноос тус тойрогт онц байдал тогтоосон байна.

Энэ бүс нутагт гурван долоо хоног агаар хэтэрхий халж байгаа нь түймрийн гол шалтгаан болжээ. Ямалын хойгийн тундрын бүсэд ийм их халуун сүүлийн 20-30 жилд тохиогоогүй юм. Энэ үзэгдэл удаан үргэлжлээгүй бол экологид үзүүлэх хор нөлөө нь бага юм. Харин жилийн хугацаан дахь агаарын дундаж  хэм нэмэгдвэл мөнхийн цэвдгийг хайлуулж, шинэ хонхорхой үүсгэх аюултай гэнэ.

Хөлдүү эрдэсийн халалт мөнхийн цэвдгийг хайлуулах аюултай. Гучин метрийн гүнийн хөлдүү биетийн хэм 3-4 градусын хасахтай байгаа ба  тэр нь хэт халууны улмаас 1-1,5 хэмээр нэмэгдэж магадгүй гэнэ. Энэ нь цэвдгийн бат бэх байдлыг хэврэгшүүлэн зөөлрүүлсний улмаас ус, хий гадагшилж, хонхорхой үүсгэх сөрөг талтай ажээ. 

Ямалын цаачид 700 мянган толгой бугаа хамгаалахын тулд түймрээс зугтаан, туувар хийж байна. Цаачид хиймэл дагуулын холбоотой учраас шаардлагатай үедээ аврагчдаас тусламж авч болох гэнэ. Энэ бүс нутагт жилийн эхнээс 260 гаруй удаа  түймэр гарсан байна. Одоогийн байдлаар  ой, хээрийн түймрийн 30 голомт  бүртгэгдсэн байгаагийн бараг хагас нь сүүлийн өдрүүдэд нэмэгджээ.  Гал унтраахад  түймэртэй тэмцэх зориулалтын 16 нисдэг тэрэг  болон Ил-76 онгоц ашиглан ажиллаж байна. Түймрийн 96 орчим хувь нь хүчтэй аянга бууснаас үүдэлтэй гэж үзэж байна. 

АЛС ДОРНОДОД ТАВАН ТҮЙМЭР НЭМЭГДЖЭЭ

Пожары. Архивное фото

Алс  Дорнодод таван шинэ түймэр нэмэгдэн, 23 га  ойг  хамарчээ.  Өнгөрсөн долоо хоногийн сүүл гэхэд Хабаровын хязгаарт 4,  Чукотын автономид 2, Магадан ба Саха улсад нэг нэг түймэр бүртгэгдээд байна. Даваа гаригт шилжих шөнө гэхэд хоёр түймрийг унтраажээ. Алс Дорнододын хязгаарт энэ жилийн   ой хээрийн түймрийн аюултай үеэр нийт 1116 түймэр  гарч, 613,5 мянган га талбайг хамарсан байна. Энэ нь өмнөх оныхоос  бараг 100-гаар илүү байна гэсэн үзүүлэлт юм. 

БАС НЭГ АЮУЛТАЙ БҮС

АНУ-ын Лос-Анжелесын хойд зүгт  гарсан  ойн түймэр нэг хүний аминд хүрчээ. Хоногийн дотор  түймэрийн талбай 90 кв/км газрыг хамарч, хэмжээний хувьд дөрөв дахин нэмэгдсэн байна.  Энэ бүс нутагт арваас илүү жил гантай байгаа нь  жил бүр халуу  шатах  цагаар түймэр гарахад нөлөөлдөг байна. Ойр орчмын 2000 орчим байшинг эрсдлийн бүсэд байгаа гэж үзсэн тул 1500 орчим хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж