Парламентын гаднаас сайдаа дэвшүүлье

Хуучирсан мэдээ: 2016.07.26-нд нийтлэгдсэн

Парламентын гаднаас сайдаа дэвшүүлье

Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх амлалт өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногт багтаан дөрвөн сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, танхимаа бүтэн болгохоо мэдэгдсэн ч өчигдөр /VII.25/ МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болсонгүй.

Сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Үүнд: Барилга хот байгуулалт, Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрчим хүчний яамдыг удирдах сайд нарын нэр яригдах ёстой юм. Хэрвээ Удирдах зөвлөл энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэн бүлэгтээ оруулж, сайд нарыг УИХ-аар томилж чадахгүй болбол Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа маргааш /2016.07.27/ 12 гишүүнтэйгээр хийх болж байна. Гол сайд нар томилогдож, ажлаа хүлээн авсан болохоор Засгийн газрын хуралдааныг хийхэд асуудалгүй ч дөрвөн сайдыг парламентын гаднаас томилж чадах эсэхээс  МАН “Давхар дээлтэй” сайд нарын тоогоо нэмэх үү, одоогийн төвшиндөө хадгалж үлдэх үү гэдэг тодорхой болно. 

Аль ч үеийн Засгийн газар танхимдаа УИХ-ын гишүүнийг давхар алба хашуулахыг хүсдэг, мөн УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхыг мөрөөддөг нь нэг талдаа УИХ-аас тавих хяналтыг сулруулна гэх шүүмжлэл дагуулдаг ч  нөгөө талдаа танхимыг тогтвортой ажиллуулах суурь нь болдог гэж тайлбарлах улстөрч бий.

УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан улс төрийн хүчинд Засгийн газрын тогтвортой байдалд санаа зовних асуудал бага гарч болох ч сайд болж, сандал ширээ хуваалцах хүслийг нь гүйцэлдүүлээгүйн төлөө сэлэм эргүүлээд босоод ирэх улстөрч МАН дотор бэлэн. Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинээр тодруулах дөрвөн сайдыг “Давхар дээл”-гүй байхад анхаарч буй аж. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, ард түмэнд өгсөн амлалтаа бодолцсон хэрэг биз.

Мэргэжлийн Засгийн газар нь 16 сайд, 13 яамтай ажиллахаар болж, бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан. Дахин мэдүүлэх дөрвөн сайдын нэр нь өмнөх шигээ парламентын гаднаас, салбартаа танигдсан, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх, хариуцсан яамдаа мэргэжлийн бодлогоор зангидаж ажиллах чадвартай байвал  “Давхар дээлтэй” сайд нарын тоо өмнөх Засгийн газрын гишүүдийн тооноос буурах төдийгүй Мэргэжлийн Засгийн газар гэх концепцтойгоо уялдана.  

Гол нь дахин санал болгох сайд нар хэн байхаас Ерөнхий сайдын мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт бүрэн утгаараа хэрэгжих эсэх хамаарна. Мөн энэ долоо хоногт багтан Засгийн газрын танхим бүрдэж, 2016 оны төсөвтөө тодотгол хийн, нэг их наяд төгрөгөөр тасарчихаад байгаа төсвийн алдагдлын учрыг олж, өвлийн бэлтгэлээ хангаж эхлэхийг ард түмэн хүлээж сууна.

Учир нь Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуягийн танхим 19 сайд, 16 яам, 11 давхар дээлтэй сайдтай ажилласан бол Шийдлийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхим 19 сайд, 15 яам, 11 давхар дээлтэй сайдтай ажиллаж бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Мэргэжлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дээрхтэй харьцуулбал, сайд болон яамдын тоо нь тус бүр гурваар, “Давхар дээлтэй” сайдын тоо нь хоёр дахин буурахаар байгаа.

Бүтэц, бүрэлдэхүүн өмнөхөөс тооны хувьд ийн буурсан ч өнөөгийн хөгжлийн хурд, хүн амын өсөлт, төрд ирэх ачаалал энэ бүхэнтэй уялдуулж гаргасан хувилбар бололтой, 13 яам, 16 сайдтай ажиллах нь эдийн засгийн хямралтай үед боломжийн бүтэц, бүрэлдэхүүн гэх дүгнэлтийг улстөр судлаачид өгч байна. Засгийн газрыг байгуулж ажиллана гэдэг туршилт хийнэ гэсэн үг биш. Иймээс шинэ танхим өмнөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээс тооны хувьд хэт багаслаа, хэт ачаалал үүрэх нь гэж бодолгүйгээр зүтгэх шаардлага тулгарч байна.

Сайдаар томилогдсон танхимын гишүүдийн ихэнх нь салбарын хүмүүстэйгээ мэргэжлийн хэлээр ярьж чадах хүмүүс томилогдсон нь “Ажил мэдэхгүй сайдтай боллоо” гэх шүүмжлэл бага дуулгах болов уу.

Одоо харин шинэ сайд нараас аминчлан хүсэх зүйл нь төрийн албанд халаа сэлгээ бага шиг хийж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн мэргэжлийн хүнийг нь ажиллуулах гэдэг зарчмыг барих шаардлага тулгарч байна.

Учир нь өчигдрөөс эхлээд дөрвөн сайдаас гадна дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ долоо хоногт багтаан томилох чимээ дуулдаж эхэллээ. Хил хамгаалах ерөнхий газрын даргад А.Баатарцогт, Ц.Сэргэлэн нарын нэр яригдаж эхэлсэн тухай “бор шувуу” саарал ордноор нисэж эхэлсэн нь удахгүй агентлагийн дарга нарын асуудал хөндөгдөх болж буйн дохио болов уу.

Гол нь дахин санал болгох сайд нар хэн байхаас Ерөнхий сайдын мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт бүрэн утгаараа хэрэгжих эсэх хамаарна. Мөн энэ долоо хоногт багтан Засгийн газрын танхим бүрдэж, 2016 оны төсөвтөө тодотгол хийн, нэг их наяд төгрөгөөр тасарчихаад байгаа төсвийн алдагдлын учрыг олж, өвлийн бэлтгэлээ хангаж эхлэхийг ард түмэн хүлээж сууна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж