Наадмын нээлт Монгол түүхийн сүр хүчийг илтгэв

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Наадмын нээлт Монгол түүхийн сүр хүчийг илтгэв

Дэнж хотойтол наадах  дэлхийд ганцхан  монгол наадам эхэллээ. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр залсны дараа Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлсэн юм. Ерөнхийлөгчийн нээлтийн үг товч, тодорхой байлаа. Тэрбээр түүхт ойг “Энэ жил Монгол нутаг даяар олон жилийн ган зүдгүүрийг тайлсан аргагүй сайхан зун болж байна. Хүн арддаа ойр, байгаль дэлхийдээ ээлтэй байвал түмний үйлс тэгширч, уул ус баясан цэнгэж, өлзий буянаа хайрладаг. Азай буурлуудын магнай тэнийсэн, хүүхэд багачуудын цолгин дуу хуур цуурайтсан монгол наадам тэнүүн сайхан болох нь дамжиггүй. Энэ жилийн наадам олон жилийн наадмаас онцгой содон юм. Монгол түмний их түүхийн бахархалт мөчлөгүүд давхцаж байна. Монголын  тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгалын 100, 90 жилийн их ойнууд энэ цаг мөчид тохион учирч байгаа нь гүн билэгдэлтэй, нэн бахархууштай юм. Эрх чөлөөт, их түүхт, тусгаар Монгол түмний, өндөр өвөг дээдсээсээ уламжлан наадаж ирсэн их баяр цэнгэл эхэлж байна. Эгэлгүй сайхан өнтэй зун, их түүхт ойнууд ижилссэн, ард түмний маань бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадмын сүр жавхлан төгөлдөр ёслолыг ийнхүү эхлүүлж байгааг өндөр төрийн Их цагаан сүлд заларсан энэ хүндэт хоймроос даяар олноо тунхаглан зарлаж байна” гэсэн мэндчилгээгээр нээв.

Наадамчин олны хамгийн ихээр сонирхдог баяр наадмын нээлтийн ёслолд энэ жил анх удаа 1000 морин хуурч, 1000 баатар эрс, 1000 гимнастикчин хүүхдүүд, 1000 орчим уран бүтээлчид оролцов. Мянга, мянгаар тоологдох хүчирхэг багтай үзүүлбэр бүрийн ард маш олон өдрийн хүч хөдөлмөр, олон хүний хичээл зүтгэл шингэснийг тооцоолоход бахархмаар байлаа. Наадмын нээлтийн сүр хүчийг бууруулсан компани, хувийн хэвшлийнхний цэнгэлдэх тойрч алхсан тэр хэсгийг эс тооцвол наадмын нээлтийн ажиллагаа хүний олноор хүч нэмсэн сүрлэг сайхан боллоо.

Чингисийн морьтон баатруудын сүр хүчийг харуулсан 1000 цэргийн үзүүлбэрт цэргийн алба хааж буй байлдагчид, зэвсэгт хүчний цэрэг, дайчид маш чадварлаг тоглосныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”-ыг эгшиглүүлж, “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амраа, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нар “Монголын нууц товчоо” хэмээх шинэ уран бүтээлийнхээ хөг эгшгийг нийлүүлсэн нь сүрлэг сайхан байлаа.

Хүннү гүрэн, Чингисийн байлдан дагуулал, Богд хаант Монгол Улс, Ардын хувьсгалын он жилүүдийн түүхэн хуудсыг эргүүлж, Монголын төрт ёсны 2220 жилийн түүхийг харуулсан жүжигчилсэн тоглолт энэ наадмын нээлтэд багтсан нь түүхт ойн баяр наадамд бүр их гүн хүндэтгэл тээн цогцолжээ. Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, зөвлөх найруулагчаар гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбабаяр нар ажиллажээ.

Дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэллээ. Монголчууд та бүхэн төгс сайхан наадаж, төрийнхөө их түүхээр бахархан цэнгээрэй.
 

Гэрэл зургийг: http://www.facebook.com/Buka King
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж