Наадамчин олны хамгийн ихээр сонирхдог баяр наадмын нээлтийн ёслолд энэ жил анх удаа 1000 морин хуурч, 1000 баатар эрс, 1000 гимнастикчин хүүхдүүд, 1000 орчим уран бүтээлчид оролцов. Мянга, мянгаар тоологдох хүчирхэг багтай үзүүлбэр бүрийн ард маш олон өдрийн хүч хөдөлмөр, олон хүний хичээл зүтгэл шингэснийг тооцоолоход бахархмаар байлаа. Наадмын нээлтийн сүр хүчийг бууруулсан компани, хувийн хэвшлийнхний цэнгэлдэх тойрч алхсан тэр хэсгийг эс тооцвол наадмын нээлтийн ажиллагаа хүний олноор хүч нэмсэн сүрлэг сайхан боллоо.
Чингисийн морьтон баатруудын сүр хүчийг харуулсан 1000 цэргийн үзүүлбэрт цэргийн алба хааж буй байлдагчид, зэвсэгт хүчний цэрэг, дайчид маш чадварлаг тоглосныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”-ыг эгшиглүүлж, “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амраа, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нар “Монголын нууц товчоо” хэмээх шинэ уран бүтээлийнхээ хөг эгшгийг нийлүүлсэн нь сүрлэг сайхан байлаа.
Хүннү гүрэн, Чингисийн байлдан дагуулал, Богд хаант Монгол Улс, Ардын хувьсгалын он жилүүдийн түүхэн хуудсыг эргүүлж, Монголын төрт ёсны 2220 жилийн түүхийг харуулсан жүжигчилсэн тоглолт энэ наадмын нээлтэд багтсан нь түүхт ойн баяр наадамд бүр их гүн хүндэтгэл тээн цогцолжээ. Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, зөвлөх найруулагчаар гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбабаяр нар ажиллажээ.
Дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэллээ. Монголчууд та бүхэн төгс сайхан наадаж, төрийнхөө их түүхээр бахархан цэнгээрэй.