Ансбахын дэлбэрэлт халдлага байсан нь тогтоогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Ансбахын дэлбэрэлт халдлага байсан нь тогтоогдлоо

Баварын дотоодын сайд Жоачим Херманны өнөөдөр өглөөний хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр Германы Ансбах хотын бааранд гарсан дэлбэрэлтийг 27 настай Сири залуу амиа золиослон үйлдсэн нь тогтоогджээ.

Тэрбээр хоёр жилийн өмнө Германд ирсэн бөгөөд жилийн өмнө түүний орогнох хүсэлтэд тус улс татгалзсан хариу өгсөн байна. Тухайн үед түүнийг Сири дахь нөхцөл байдлаас үүдэн Ансбах хотод байрлах хоргодох байранд түр хугацаанд байрлуулахаар болсон аж.

Тус бааранд болсон хөгжмийн фестивальд нийт 2500 хүн цугласан байсан бөгөөд халдлага үйлдэгчийг тасалбаргүй байсан учраас дотогш оруулаагүй аж. Фестивалийн орох хаалганы хажууд хэсэг зогссоныхоо дараа тэрээр өөрийгөө дэлбэлсэн байна.

Одоогийн байдлаар нийт 12 хүн шархадсанаас гурван хохирогч амь үрэгдэх өндөр эрсдэлтэй байна.

Херманны мэдээлснээр түүний үүргэвчинд эрэг шурга, хадаас байсан нь халдлага үйлдэх зорилготой байсныг нотолсон баримт гэв. Хэдийгээр терроризмтой холбоотой байсан эсэх нь албан ёсоор нотлогдоогүй ч ашигласан дэлбэрэх төхөөрөмжийг харахад терроризмтой холбоотой байх магадлал өндөр байна гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж