Жил ирэх тусам иргэдийн эрхзүйн боловсрол, хуулийн мэдлэг сайжирч, тэр хэрээр эрхээ хамгаалуулахаар шүүх байгууллагад хандах нь нэмэгджээ. Ялангуяа эрхэнд нь халдсан төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн эсрэг тэмцэж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь ихэссэн байна. Энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны тайлан мэдээнд дурджээ.
Тухайлбал, энэ онд захиргааны хэргийн тоо өмнөх жилээс таван хувиар өссөн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 1794 хэрэг хүлээж авч, 686 хэргийг шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн тоо жил дараалан нэмэгдсээр байгаа аж. Энэ нь нөгөө л иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх эрхзүйн ухамсар, соёл дээшилсэнтэй холбоотой хэмээн тайлбарлалаа.
Ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буурчээ
2016 онд улсын хэмжээнд ял шийтгүүлэгчдийн тоо болон шийдвэрлэсэн хэрэг буурсан байна. 2016 онд 2600 гаруй эрүүгийн хэрэг шийдвэрлэж, 2900 гаруй хүнд ял оноожээ. Өөрөөр хэлбэл, шүүхэр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх жилээс 26 хувиар, ял авсан хүний тоо 32.5 хувиар буурсан дүр зураг юм.
Ийнхүү ял авсан, шийдвэрлэсэн хэргийн тоо буурсан нь Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн онд Өршөөлийн тухай хууль хэрэгжүүлж, 2071 хүн хорих ангиас суллагдсан юм. Энэ онд ял шийтгүүлэгч, шийдвэрлэгдсэн хэргийн тоо буурсныг үүнтэй холбон тайлбарлаж байна.
Мөн энэ жил хэд хэдэн хэргүүд буурсан дүнтэй гарчээ. Хүнийг санаатай хөнөөх, санаатайгаар гэмтэл учруулах, танхайрах, гэмт хэрэг давтан үйлдэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хэргүүд 14-31 хувиар буурсан байна.
Бүлэглэн хүчин хийх нь ихэсчээ
2016 онд бусадтай бүлэглэн хүчингийн хэрэг үйлдэх нь нэмэгдсэн талаар харамсалтай дүр зураг гарсныг албаныхан онцлон анхааруулж байна. Уг нь хүчингийн хэрэг өмнөх жилээс 4.5 хувиар буурчээ. Гэтэл ял шийтгүүлсэн хүний тоо өссөн байна. Энэ нь бүлэглэн хүчин үйлдэх нь ихэссэнтэй холбоотой хэмээн тайлбарлалаа. Хүчингийн хэргээр ял авсан хүний тоо өмнөх жилээс есөн хувиар өсчээ.
Хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь залуучууд буюу 52.8 хувь нь 18-29 насныхан байгаа аж.
Иргэний хэрэг зургаан хувиар өссөн
2016 онд Иргэний хэргийн анхан шатны шүүх 33 мянга гаруй нэхэмжлэл, гомдол авч, 21 мянгыг нь хянан шийдвэрлэсэн байна. Иргэний хэргийн маргаан энэ онд зургаан хувийн өсөлттэй гарчээ.
Учир нь худалдах, худалдан авах гэрээний маргаан нэмэгдсэнтэй холбоотой юм байна. Мөн зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээний маргаан нэмэгджээ. Ингээд 2016 онд гэмт хэргийн улмаас улсад найман тэрбум төгрөгийн хохирол учирч, 249 хүний амь нас хохирсон мэдээ байна.
Зураглаач. Н.АРИУНБОЛД