“Фергана” агентлаг Туркмены Абадан хотын зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтийн бичлэгийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Бичлэгт хүчтэй дэлбэрэлт болоод Абаданаас нийслэлийн зүг хөдөлсөн машины цувааг харуулсан байв. Долдугаар сарын 7-нд гарсан дэлбэрэлтийг эрх баригчид баяр ёслолын буудлагад зориулсан тэсрэх төхөөрөмжийн агуулах хэт халуунд тэсэрсэн гэж тайлбарласан. Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн яамнаас дэлбэрэлтийн үеэр гэмтэж бэртсэн хүн байгаагүй гэж мэдэгдсэн юм. Харин “Фергана” агентлагийн мэдээгээр зэвсгийн агуулах дэлбэрсэн байна. "Хроника Туркменистана" гэх сайтын мэдээгээр энэ дэлбэрэлтийн улмаас 200 орчим хүн амиа алдсаны талаас илүү нь цэргийнхэн ажээ. Гэтэл Ашхабад албан ёсны мэдэгдэлдээ “Оросын хэвлэлийн бодит байдлыг гуйвуулсан материал өдөөн хатгалт” хэмээн дургүйцэж буйгаа илэрхийлжээ.
Ш.Мягмар