УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй олон болсон МАН-ынхан бялуугаа хувааж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ж.Эрдэнэбатын танхимын 11 сайдыг УИХ-аас томилж, харин үлдсэн дөрвөн сайдын асуудлыг энэ долоо хоногт МАН-ынхан дахин хэлэлцэхээс өөр аргагүй болов. Учир нь АТГ-аас нэр бүхий дөрвөн горилогчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир татгалзсан хариу өгсөн юм.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТГ-аас үзэж татгалзсан байна.
Тиймээс АТГ-аас гаргасан дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй гэж Ардын намын удирдлагууд ч санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бололтой.
Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Тиймээс УИХ-аас томилогдсон 11 сайд аль хэдийн тамгаа хүлээн авч ажилдаа орсон бол Барилга хот байгуулалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд, Эрчим хүчний сайдуудын асуудлаас гадна дэд сайдуудын томилгоог энэ долоо хоногт эцэслэнэ гэсэн мэдээлэл байна.
Сайд болдгийн даваан дээр “бүтэлгүйтсэн” Ж.Цолмон, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Г.Өнөрболор нарын оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Мэргэжлийн Засгийн газар гэдэг утгаараа мэргэжлийн, туршлагатай хүмүүсийг ажлуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэх хүмүүс сошиалд цөөнгүй байна.
Барилга хот байгуулалтын сайдад Д.Цогбаатарын нэрийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар, Т.Гантулга нарын нэрс дуулдаж байгаа бөгөөд үүнийг Удирдах зөвлөлөөр нь ярилцаж тодруулах юм.
Харин дэд сайдад нэрээ санал болгож Удирдах зөвлөлдөө хүргүүлэх хүмүүс олон байгаа аж. Тухайлбал, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл Зам тээврийн дэд сайдад нэрээ дэвшүүлж байгаагаа нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын сонгуулиар Эрдэнэт нэр дэвшихээр горилж байсан ч тойргоо Т.Атармаад алдсан Н.Энхтайваныг дэд сайдад томилогдох хамгийн боломжтой хүн гэж намынхан нь дүгнэж байна.
Мөн өнгөрсөн дөрвөн жил МАН-ын нарийн бичгийн даргаар ажилалсан Х.Булгантуяаг дэд сайд болно гэсэн яриа ч Тусгаар тогтнолын ордоноос сонсогдож байна.
Энэ мэтээр үлдсэн дөрвөн сайд болон дэд сайдуудаа тодруулсны дараа Төрийн нарийн бичгийн дарга нар болон агентлагийн дарга нарыг томилох гээд энэ зун, намаржингаа л МАН-ынхан бялуугаа тараах бололтой.
Б.ХОНГОР