"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны киноны сэргийлэгч, "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны Үүрдмөнх, Эзэнмөнх хэмээх хоёр ихэр залуугийн дүрээрээ олны танил болсон залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр багадаа МУГЖ С.Жавхлангийн "Миний найз", "Алсад суугаа ээж" зэрэг дуунуудын клилэнд тоглож байсан авьяаслаг нэгэн билээ.
-Шинэ киноны зураг авалттай завгүй байгаа гэсэн. Хамгийн сүүлд “Ээж” уран сайхны кинонд тоглосон уу?
-Юуны өмнө news.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би хамгийн сүүлд “Чононгоо” фильм продакшн болон “UB film”-ийн хамтран бүтээсэн “Ээж” хэмээх уран сайхны кинонд тоглосон. Энэ киноны найруулагчаар Б.Эрдэнэцэцэг, зохиолч продюсераар Б.Мөнхтуяа ажилласан юм. “Ээж” уран сайхны дүрд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тоглож, түүний хүүгийн дүрд би тоглосон. Энэхүү киног үзэж амжаагүй үзэгчид байвал амжиж үзээрэй гэж хэлье.
-Өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс юугаараа онцлог байв. “Ээж” кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Ээж” уран сайхны киноны найруулагч Б.Эрдэнэцэцэг эгч маань над руу залгаад уулзах хэрэг байна гэсэн. Тэгээд очтол манай “Ээж” кино группийнхан бүгд цуглачихсан байсан. Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгч маань, хөгжмийн зохиолч М.Бирваа гуай зэрэг уран бүтээлчдийг хараад киноны зохиолыг ч унших шаардлагагүйгээр энэ кинонд тоглох ёстойгоо ойлгосон. Миний өмнө нь тоглож байсан дүрүүдээс их онцлогтой дүр болсон. Энэ кино маань уянгын төрлийн кино учраас надаас их тэсрэлтийг шаардсан дүр байлаа.
-Одоо дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Шинэ уран бүтээлээ товчхон танилцуулахгүй юу?
-“Сахиусан тэнгэр” хэмээх уран сайхны киноны Амараа гэх залуугийн дүр дээр ажиллаж байна. Энэ уран бүтээлийг Соёлын тэргүүний ажилтан Б.Бямбацогт ах маань найруулж байгаа. Энэ киноны гол дүрд жүжигчин Б.Золжаргал болон Ш.Энхжаргал нар тоглосон. Найруулагч Б.Бямбацогт ах маань ч гэсэн энэ кинонд цагдаагийн дүрд тоглож байгаа.
-Зуны амралт эхэлж, хүмүүс монгол орноороо их аялдаг болж. Зуны улирлыг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Зуны улиралд найз нөхөдтэйгээ агаар салхинд гармаар санагддаг ч цаг зав гарахгүй юм. Киноны уран бүтээлчид маань ихэвчлэн зуны улиралд киноны зураг авалтаа хийдэг. Учир нь зунд зураг авахад тохиромжтой, жүжигчид маань ч гэсэн даарч хөрөхгүй гэдэг үүднээс зуны улирлыг сонгодог болов уу. Мөн ихэнх хүмүүс амралтаа авсан байдаг учраас уран бүтээлчдийн цаг зав нь ч гэсэн тэгж таардаг байх. Миний хувьд зуны улирал тун завгүй л өнгөрдөг дөө.
-Жүжигчин мэргэжилтэй ихэнх залуус Соёл урлагийн их сургууль, Кино урлагийн дээд сургуулийг төгссөн байдаг шүү дээ. Яагаад жүжигчин мэргэжлийг БНСУ-д эзэмших болсон бэ?
-Би хоёрдугаар ангиасаа Хүүхдийн ордны драмын дугуйланд суралцсан. Тэгээд дунд сургуулиа төгсөөд 2007 онд Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөхөөр бэлдэж байсан юм. Гэтэл ээж, аав маань “Миний хүү гадаад оронд сурвал яасан юм бэ” гэсэн санал тавьсан. Тэгээд Солонгос явахаар болсон. Энэ шийдвэр бол ээж, аавын маань надад өгсөн маш том бэлэг гэж боддог. Би тухайн үед Орос, БНХАУ, БНСУ гэсэн гурван улсаас судалж, эдгээрээс БНСУ нь хамгийн амар тайван, сурах нөхцөлөөр хангасан учраас сонгосон юм.
-Өөрийн чинь үеийнхэн дунд гадаадад жүжигчин мэргэжил эзэмшсэн залуус хэр олон байдаг вэ?
-Намайг анх БНСУ-руу явж байхад яг жүжигчний мэргэжлээр суралцдаг залуус байгаагүй. Харин миний араас манай доод үеийн дүү нар, Соёл урлагийн их сургуульд суралцаж байсан залуус, найз нөхөд маань БНСУ-д сурах болсон. Одоо маш олон залуус БНСУ-д жүжигчин мэргэжлээр сурдаг болжээ.
-Нэгэн ярилцлагандаа “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглох мөрөөдөлтэй гэж байсан. Энэ мөрөөдлөө орхиогүй биз дээ?
-Мэдээж “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглох мөрөөдөл эрэгтэй жүжигчдэд байдаг байх. Тэдний нэгэн адил жүжигчин мэргэжил сонгосных Ромеогийн дүрд тоглох хүслээ орхиогүй ээ.
-Улсын драмын эрдмийн театр хэмээх газар тэр мөрөөдлийг нь биелүүлэх юм биш үү. Энэ их айлын босгыг алхах бодол бий юу?
-Надад 2013 онд тийм боломж байсан. Улсын драмын театрын найруулагч Б.Наранбаатар ахын найруулсан “Зүүдэнд ч оромгүй явдал” хэмээх уран сайхны кинонд тоглох үеэр Пара ах надад Улсын драмын театрт шинэ жүжигчдийн шалгаруулалтад орохыг санал болгосон. Тухайн үед “Ромео Жульетта” жүжгийн төсөв ч батлагдаж байгаа гэсэн яриа гарсан юм. Гэвч би тэр үед БНСУ-ын KBC телевизтэй гэрээтэй ажилладаг байсан учраас тэр боломжоо алдсан юм.
-Тэгвэл дахин боломж олдвол Улсын драмын театрт орно гэж ойлгож болох уу?
-Улсын драмын театр бол босго өндөртэй, маш том байгууллага. Жүжигчин мэргэжлээр төгсч байгаа бүх залуус энэ байгууллагад орохыг хүсдэг. Энэ театрт орохыг хүсдэггүй жүжигчин гэж байхгүй байх. Надад ч гэсэн Улсынхаа драмын театрт ажиллах мөрөөдөл байдаг.
-Удахгүй БНСУ-руу явна гэж байсан. Ямар ажлаар явах вэ?
-БНСУ-ын KBC телевизтэй гэрээтэй ажиллахаа больсон. Харин хамгийн сүүлд тоглосон “Ээж” уран сайхны киноны өнгө дүрсийг нь янзлах ажлаар Солонгос руу явах гэж байна. Учир нь “Ээж” киногоо Бусан болон Токиогийн кино фестивальд оролцуулах гэж байгаа. Би энэ ажлын Солонгосын талыг дааж авсан байгаа юм.
-БНСУ-д хэдэн жил амьдарсан билээ. Одоо Солонгос хэлээр ус, цас уу?
-Би Солонгост долоон жил амьдарсан. Солонгос хэлээр сайн ярина. Ер нь би Солонгос дахь их сургуулийн багш нартайгаа холбоотой ажилладаг. Багш нар маань цаашаа кино компаниудтай холбож өгдөг.
-Одоо охинтойгоо холбоотой байгаа юу?
-Яг үнэндээ энэ талаар яримааргүй байна.
-“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд эрэгтэй хүний дүрд тоглосон. Жүжигчин хүний хувьд ямар санагдсан бэ?
-Би саяхан болсон “Академи авардс-2016” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг аваагүйд их гайхсан. Шилдэг эмэгтэй год дүрээр тодроогүй гэдгийг дуулаад “Нүд орой дээр гарна” гэдэг шиг л юм болсон. Ихэнх хүмүүс жүжигчин А.Ганчимэгийг “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийг авна гэдэгт итгэлтэй байсан байх. Гэхдээ би “Lovers” уран сайхны кинонд гол дүрд тоглосон бүсгүйг муу жүжигчин гэж хэлээгүй шүү.
-Та хоёр өмнө нь танилууд байсан гэж дуулсан. Харин “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосноос хойш үерхэж эхэлсэн гэл үү?
-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалт 2013 оны тавдугаар сард эхэлсэн. Зураг авалт нь л тавдугаар сард эхэлсэн болохоос киноны бэлтгэл ажил гээд хэдэн сарын өмнөөс хамтран ажилласан л даа. Бид өмнө нь бие биенээ таньдаг байсан. Тэр үед илүү дотноссон гэж хэлж болно.
-Багаасаа Хүүхдийн ордонд суралцаж, дэлгэцийн бүтээлүүдэд тоглож байжээ. Дөнгөж сургуулиа төгссөн үеийнхэн дундаа туршлагатай жүжигчний тоонд ордог байв уу?
-Тэр бол тухайн жүжигчин хүнээс л шалтгаалах байх. Аливаа нөхцөлд хурдан дасч, хурдан зохицдог хүн байна. Гэтэл мянга нээлттэй харьцаад ч арга эвээ олдоггүй бүрэг хүн бий. Ер нь сүүлийн үеийн залуус жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч их авьяаслаг жүжиглэдэг болсон байна.
-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Миний хувьд төлөвлөсөн ажил их байна. Зарим нь төлөвлөгөөний дагуу хоёр дахь шатандаа ороод явж байна. Тун удахгүй сайхан мэдээтэй үзэгчидтэйгээ уулзана. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэдэг шиг юм юмыг л хийчихмээр санагдаж байна. Зарим киног үзэж суухад хийж чадах ч юм шиг санагддаг. Гэхдээ аливаа зүйл ээлж дараатай байдаг. Бидний үе ирж л таарна. Тэр үед л хийхийг хүссэн ажлаа хийх хэрэгтэй гэж боддог.