Хятадын төв болон хойд хэсгийн нутаг үерт автсанаас 150 хүн амь үрэгдэж, олон зуун мянган хүн орон гэрээ алджээ. Үерийн гамшигт Хятадын Хэбей, Хенань мужууд хамгийн ихээр өртөж, хөрсний нуралт үүссэн байна. Хэбей мужид 114 хүн амь үрэгдэж, 111 хүн сураггүй болсон бөгөөд 53 мянган өрх орон гэрээ алджээ. Түүнчлэн үерэт 1.5 сая га ургацын талбай гэмтэж, эдийн засгийн шууд хохирлын хэмжээ гурван тэрбум ам.долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ Хэбей мужид тосгоны иргэд засгийн газраас үерийн гамшгаас урьдчилсан сэрэмжлүүлэх болон аврах ажиллагааг хангалтгүй зохион байгуулж байгааг эсэргүүцэн жагсаал хийжээ. Харин Хятадын засгийн газраас үерт өртсөн мужуудад зориулан хөрөнгө мөнгө төсөвлөж, ард иргэдэд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Хятадад энэ зун хур тунадас ихтэй байгаагаас үерийн гамшиг гарах болжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА