Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн энэхүү цаг хугацаатай давхцан өнгөрсөн баасан гаригт /2016.07.22/ гүүний эхсэнд анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр нээгдсэн байна.
Гүүний эхэс боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна малчдын өрхийн орлого нэмэгдэж, Монгол Улсын гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Уг үйлдвэрийг “Хорусблан Монгол” ХХК байгуулсан бөгөөд цаашдаа гүүний эхсэнд гүн боловсруулалт хийх, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа улам өргөтгөх юм байна.
Онцлоход, дээрх компани нь Монгол Улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүргэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн гадаад худалдааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2015 онд Япон-Монгол хамтарсан хөрөнгө оруулалтайгаар анх үүсгэн байгуулагджээ.
Улмаар гүүний эхэс худалдан авах ажиллагааг зургаан аймгийг хариуцсан 9 агент ажиллуулан эхлүүлж байсан бол энэ онд 21 аймгийг төлөөлсөн 12 агент ажиллуулж 600 орчим сая төгрөгөөр гүүний эхсийг малчдын гар дээрээс худалдан авч үйлдвэртээ анхан шатны боловсруулалт хийж Япон улсын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон юм байна.
Гүүний эхэс нь хүний эрүүл мэнд, гоо сайханд нэн ач холбогдол бүхий олон нэгдэл, шинж чанар агуулсан байдаг тул орчин үеийн биотехнологийн шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих маш ирээдүйтэй үйлдвэрлэл аж. Иймээс тус компани дээрх чиглэлээр үйлдвэрлэл эрхлэхээс гадна энэ салбарт шинээр боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагчтайгаа хамтран ажиллаж байгаа ажээ.
Г.ХОРОЛ