Нэг дээр нэгийг нэмэхээр гурав гардаг, алтан намрыг шаргалтсан навчгүйгээр дүрсэлсэн, хүмүүс хоорондын яриаг дүрслэх урлагаар харуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгджээ.
БНСУ-ын Тэгү хот дахь Урчуудын эвлэлийн зураач И Мён Вон, Ким Ил Хуан, Ким Канг Нуг нар Монголын Урчуудын эвлэлийн зураачидтай хамтарсан үзэсгэлэн гаргаж буй нь энэ аж.
Энэхүү модерн абстрак чиглэлийн үзэсгэлэнд зураач О.Энхтайваны “Эерэг, сөрөг”, “1+1=3”, С.Болдбаатарын “Их нуурын сүүн далай”, Д.Батмөнхийн “Галт төвөргөөн”, И Мён Воны “Шинэ ер бусын газар”, Ким Ил Хуаны “Мөрөөдөл”, Ким Канг Нугийн “Юллё”, А.Чадраабалын “Comporition” зэрэг Монгол-Солонгосын найман зураачийн хамтарсан 20 гаруй уран бүтээл бий.
Энэхүү үзэсгэлэнд өөрийн гурван бүтээлээ дэлгэгдсэн Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач О.Энхтайваны “1+1=3” бүтээл анхаарал татаж байлаа. Уг бүтээлээ зураач О.Энхтайван тайлбарлахдаа “Миний бүтээлд гурван дугуй дүрс бий. Бодит байдал дээр нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гарах ёстой хэдий ч хийсвэр сэтгэлгээн дэх нэгийг нэмснээр гурав гарч байгаа юм” хэмээн ярилаа.
Харин БНСУ-ын зураач И Мён Воны “Шинэ ер бусын газар” хэмээх цуврал зураг сонирхолтой санагдав. Тэрээр энэхүү таван цуврал уран бүтээлээ гүн хөх, улаан, ногоон, шар өнгөөр илэрхийлсэн бөгөөд өөрийн дотоод ертөнцийн ер бусын газрыг ийн дүрслэн илэрхийлжээ.
Эдгээр зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд долоохон хоног үргэлжлэх юм байна.
А.СҮРЭН