Монголын мэдээллийг “МОНЦАМЭ” 44 оронд түгээж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

 Монголын мэдээллийг “МОНЦАМЭ” 44 оронд түгээж байна

“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн түүхт 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал тус агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр /2016.07.22/ болж байна.

Хурлын үеэр “МОНЦАМЭ” агентлагийн дарга А.Баатархуяг хэлэхдээ “Манай агентлаг мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, анхдагч эх сурвалжаас нь авахыг зорьж ажилладаг. Цаашдаа хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт мэдээллийн орчин үеийн технологийг хэрэглэж, олон улсын түвшинд өрсөлдөх, мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах замаар өргөн мэдээллийн сүлжээгээ хөгжүүлэх зорилттой байна. Саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В Лавровын айчлалын үеэр манай агентлагийн сайтад  түүний айчлалын гол мессижийг илэрхийлсэн ярилцлага гарсан. Тавхан жилийн дараа “МОНЦАМЭ” агентлаг 100 жилийн ойгоо тэмдэглэнэ” хэмээн ярилаа.

Эрдэм шинжилгээний эхэнд доктор, профессор Т.Баасансүрэн “МОНТА буюу МОНЦАМЭ-ийн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ. Түүний илтгэл тэртээ1921 оны гуравдугаар сарын 19-нд МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ “Монголчуудын бослого” мэдээ бичиж, хилийн чанадад цацсан байдаг. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, тухайн сарынхаа 30-нд ЗХУ-ын "Правда" сонины №68-д хэвлэгдсэн түүхээр эхэлсэн байв. 

“МОНЦАМЭ” агентлаг дэлхийн 44 орон, монголын 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж, улс орноо гадаадад таниулан үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Эдгээрээс дурдвал ОХУ-ын Итар-Тасс, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын Ёнап, БНТУ-ын Анадолу, Казахстан улсын Казинформ зэрэг агентлагийг нэрлэж болно.

Манай агентлаг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан мэдээллээ үнэ төлбөргүй солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан солилцож улс орноо гадаадад таниулан сурталчилдаг байна. Мөн дэлхийн дөрвөн хэлээр гадаад орнуудад мэдээлэл түгээж, гадаадын найман хэл дээрээс мэдээллээ авдаг. Тус агентлагийн сайтын хандалт дунджаар 6.4-8.5 саяын хооронд байдаг байна. Саяхан болсон АСЕМ-ын дээд түвшиний 11 дүгээр уулзалтын үеэр манай “МОНЦАМЭ”-гийн цахим сайтын мэдээлэл дэлхийн 13 сая хүнд хүрсэн гэдгийг албаныхан дурдав.

А.Сүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж