УИХ-ын байнгын хороодын хуралдааныг зарлан хуралдуулахаар болж, бэлтгэл хангаж эхэллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг саяхан хуралдаж, байнгын хороодын дарга нарыг тодруулсан. Иймээс бүх байнгын хороодын дарга нарыг хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах аж.
Засгийн газрын танхимын сайд нарыг УИХ-аар томилохоос урьтаж байнгын хороодын дарга нарыг томилох шаардлагатай тул ийнхүү байнгын хороодын хуралдаан зарлалаа.
Байнгын хороодын хуралдаан дуусангуут үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
УИХ нийт найман байнгын хороотой. Байнгын хороодын дарга нарт дараах УИХ-ын гишүүдийг томилуулахаар УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгоод байна.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Ж.Энхбаяр
- Төсвийн байнгын хорооны даргад Ч.Хүрэлбаатар
- Эдийн засгийн байнгын хорооны даргад Д.Тэрбишдагва
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Л.Энх-Амгалан
- Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ц.Гарамжав
- Хууль зүйн байнгын хорооны даргад Ш.Раднаасэд
- Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
- Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Н.Энхболд
Байнгын хорооны даргыг хоёр жилийн хугацаатай томилдог юм.
Г.ДАРЬ