Д.Батсүх: ҮХ-ийн цэцийн хараат бус ажиллах нөхцөл хангагдаагүй

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

Д.Батсүх: ҮХ-ийн цэцийн хараат бус ажиллах нөхцөл хангагдаагүй

Д.Батсүх: ҮХ-ийн цэцийн хараат бус ажиллах нөхцөл хангагдаагүй

Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгч нарын чуулга уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалт Гадаад хэргийн яаманд хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн хувьд чуулган “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх санаачлага” сэдвийг онцлон хэлэлцэж байна.

Тус хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Монголын хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, хуульч, өмгөөлөгч Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн хурлаар Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдлын талаар хэлэлцэж байна. Монгол Улсын хувьд нөхцөл ямар байдаг юм бэ?

-Ази номхон далайн хуульчдын чуулга уулзалт 27 дахь удаа Монгол Улсад болж байна. Чуулгын хүрээнд тухайн бүс нутагт тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, сайн туршлагыг харилцан солилцдог. Өнөөдрийн эхний асуудал нь Үндсэн хуулийн хяналт, түүнд хуульчдын болоод хуульчдын холбооны оролцооны талаар хэлэлцэж байна. Монгол Улсаас миний бие төлөөлж энэ асуудлыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Бидний зүгээс хөндөж буй гол асуудал нь Үндсэн хуульд ёс хэдийд ямар хэмжээнд хэрэгждэг вэ, түүнийг хэрэгжүүлэхэд тавих хяналт Монголд ямар хэлбэрээр үүссэн, хуульчид хэрэхэн оролцож байна гэдгийг хөндөж ярина.

Гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтад тулгамдаж буй асуудлыг хөндөнө. Миний зүгээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй гол асуудал нь хэрэгжүүлдэг байгууллага буюу Үндсэн хуулийн цэцийн бие даасан байдал, цэцийн гишүүдийн хараат бус байдлыг алдагдуулах эрх зүйн өөрчлөлт, үйл явдал болж буйг гаргаж тавина.

Гол асуудал юу вэ гэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хараат бус бие даасан байдлыг хөндсөн томоохон үйл явдал энэ оны эхээр өрнөлөө. Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явцад цэцийн бие даасан байдал, гишүүдийн хараат бус байдлыг зөрчих, хуулийн ноцтой зохицуулалт хийсэн. Юу вэ гэхээр “…цэцийн гишүүн хууль зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон…” гэдэг өөрчлөлт оруулсан. Хуучин хуульд “… цэцийн гишүүн хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол…” гэсэн байсан. Гэтэл шинэ өөрчлөлтөөр бол төрийн аль нэг албан тушаалтан, байгууллага нь цэцийн гишүүн хууль зөрчсөн гэж үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдүүлсэн нь хараат бус байдалд шууд нөлөөлсөн. Энэ нөлөөлсөн хууль нь бодит амьдрал дээр хэрэгжсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга байсан Ж.Амарсанааг гишүүнээс эргүүлэн татах үйл ажиллагаа юм. Харамсалтай нь энэ алдааг засах тал дээр цэц өөрөө хариуцлагагүй хандсан гэж хуульчийн хувьд үзэж байна. Тухайлбал, хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлыг хоёрдугаар сарын 15-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсэн. Гэтэл 19-ны өдөр буюу цэцийн дунд суудлын хуралдааны хариу гарсны дараа УИХ-ын гарсан тогтоолыг хууль зөрчөөгүй байна гэж үзээд шийдвэр гаргаад яваад байна.

Гэхдээ цэцийн их суудлын зургадугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар энэ хуулийн заалт хүчингүй болсон. Цэцийн гишүүдийн хараат бус, бие даасан байдалд халдсан хуулийн заалтыг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч одоогийн гаргаж буй шийдвэр нь тухайн үед үндсэн хууль зөрчсөн хуулийг зөвшөөрсөн агуулгатай болоод байна.

Цэцийн гишүүдийн хараат  бус байдлыг алдагдуулж буй нөхцөл нь хоёр хүчин зүйлээс шалтгаалж буй. Нэгдүгээрт, гадны буюу улстөрийн нөлөөлөл, нам, эрх барьж буй хүчний нөлөөлөл, хоёрдугаарт дотоод буюу цэц өөрөө өөрийнхөө хараат бус байдлыг хангаж чадахгүй байна. Энэ юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр олон улстөржсөн шийдвэр гарч байгаа юм.

-Ийм нөхцөл олон улсад ч гэсэн бий. Тэгэхээр цаашид шийдвэрлэх арга зам, олон улсын туршлагыг харах байх?

-Үндсэн хуулийн хяналт гэдэг аль ч Үндсэн хуультай оронд байгаа. Гэхдээ хэд хэдэн хувилбар тогтолцоотой. Бие даасан шүүхтэй байх, эсвэл дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх, эсвэл тусгай зөвлөл байгуулах зэргээр хяналт тавьдаг. Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн бие даасан шүүх хяналт хэрэгжүүлж байна.

Бие даасан байдлыг хангахын тулд хууль, эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүд аливаа асуудал маргааныг шийдвэрлэхдээ өөрсдөө хараат бус байх, шударга хүмүүсийг сонгож томилох шаардлагатай. Нөгөө талаас улс төрийн хүчнүүд Үндсэн хуулийн цэц, гишүүдэд нөлөөлдөг явдлыг хаах, хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж