Монголд тахь нутагшуулах ажлыг олон улс сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

Монголд тахь нутагшуулах ажлыг олон улс сонирхож байна

Монгол Улс, Бүгд найрамдах Чех улстай хамтран “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төслийг хэрэгжүүлж буй юм. Энэ ажлын хүрээнд өмнө нь Чехээс таван удаа тахь зөөвөрлөн Монголын Хустайн нуруу болон Тахийн талд нутагшуулж байжээ. Харин энэ жил зургаа дахь удаа тахь нутагшуулах ажлыг зохион байгуулж, Хустайн нуруунд тахь нутагшуулсан байна.

Тэдгээр тахины дөрвийг нь өнөөдөр Хустайн нуруунаас Тахийн тал руу зөөвөрлөх ажлыг хийлээ. Үүнд гурван гүү, нэг азарга багтжээ. Хустайн нуруунаас Тахийн тал руу тахь шинээр нутагшуулснаар хооронд нь эвцэлдүүлж, цус ойртолтыг багасгах, үржил селекцийг сайжруулах ач холбогдолтой юм байна. Энэ ажилд Чехийн элчин сайдын яамны зүгээс тээвэрлэлтийг цэргийн онгоцоороо хийлгэж тусалсан байна. Мөн тээвэрлэлтийн зардлыг Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн гаргажээ.

Монгол Улсад тахийн тоо толгой устаж, 1992 оноос тахь нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ. Амьтны хүрээлэнгээс зэрлэг байгальд нутагшуулах уг ажилд олон улс ихээхэн анхаарал хандуулж буй талаар албаныхан хэлэв. Ингээд энэ ажилд гар бие оролцсон хүмүүсээс тодруулга авлаа.


Ц.Дашпүрэв Хустайн байгалийн цогцолборт газрын дарга

Тахийн нэг азарга, гурван гүүг Говийн их дархан газрын гуравдугаар хэсэг рүү тээвэрлэж байна. Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын болон сургалт сурталчилгааны албаны нөр их хөдөлмөрийн үр дүнд энэ ажил амжилттай боллоо. Зэрлэг байгалиас, зэрлэг байгаль руу тахийг шилжүүлж буй хоёр дахь тохиолдол болж байна. 2009 онд бид гурван азаргыг Тахийн тал руу өгч байсан. Энэ удаад гурван гүү нэг азарга өгч буйгаар онцлог. Азарганы маань нэр нь Хустай. Ингээд Хустай азарга маань олон унага төрүүлэх буянтай үйлс хийгээсэй гэж хүсч байна. Ингэснээр Тахийн талын популяци чанаржина.


О.Доржраа Тахь нутагшуулах олон улсын хүндэт гишүүн

Хустайн нуруунаас Тахийн тал руу тээвэрлэх ажилд Чех улсын цэргийн онгоцыг хүссэн. Ингээд Чехийн цэргийн онгоц, Чехийн амьтны хүрээлэнгийнхний оролцоотойгоор тээвэрлэлт хийж байна. Тээвэрлэлтийн гол зорилго нь тахийн үржил селекцийг сайжруулж, цус ойртолтыг багасгах, нутагшиж буй тахийн экологийн нөхцөлийг өөрчлөх зорилготой юм. Хустай нь тахь үржүүлэх нөхцөл сайн. Гэхдээ олон тахь ороод ирвэл газар нутгийн хүрэлцээ тааруу болно. Тиймээс Тахийн тал руу зөөвөрлөж байна. Энэ ажилд гадаадын эрдэмтэн мэргэжилтэн, олон улсынхан ч гэсэн анхаарал хандуулж байна.

Ер нь ийм ажлыг олон хийх хэрэгтэй. Учир нь хооронд нь эвцэлдүүлж, цус ойртолтыг багасгах, үржил селекцийг сайжруулах чухал ач холбогдолтой.

Чехийн Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улстай хамтын ажиллагаатай байдаг. Иймээс Чехийн амьтны хүрээлэн өөрсдийн зардлаар тахь оруулж, зөөвөрлөх ажлыг ч хийж  байна. Хоёрдугаарт тээвэрлэх онгоцоор хүртэл туслаж буй нь чухал юм. Чехийн энэ онгоцоор Тахийн талд дөрвөн удаа тахь нутагшуулж байсан.


З.Батжаргал Байгаль орчны зөвлөх

Тахь нутагшуулах тухай 40 гаруй жилийн өмнөөс монголчууд ярьсан. Ингэж ярьсаар 1992 оны зургадугаар сард анхны тахийг Говь Алтай аймгийн нутаг Тахийн тал, Хустай нуруу хоёрт нутагшуулсан. Энэ үеэс тахь нутагшуулах ажил эхэлсэн.

Амьтны хүрээлэнд, хүний халамжинд байдаг амьтныг шууд говийн хатуу ширүүн уур амьсгалд авчрахад эрсдэлтэй байж магадгүй гэж үзээд завсрын бүс буюу Хустайн нуруунд анх авчирч байсан.

Монголд 24 жилийн өмнө тав зургаахан тахь оруулж ирсэн. Одоо 500 гаруй болж үржсэн байна. Амьтны хүрээлэнд байсан амьтныг эргүүлж зэрлэг байдалд оруулах туршилт бол дэлхийд анхных гэж үздэг. Энэ нь маш амжилттай болж байна. Мэдээж бэрхшээл бий. 2009, 2010 он зуднаар нэлээн олон тахь хорогдсон. Гэхдээ амьтны хүрээлэнгээс ирээд говьд идээшсэн байсан гэдэг утгаараа бас ч гэж гайгүй.

Өдгөө Тахийн талд Украйн, Швейцари, Англи, Австрали зэрэг олон улсаас тахь нутагшуулсан.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж