Хойд ба Өмнөд Солонгосын хиллэдэг цэрэггүй бүсээр умардын цэрэг оргосны дараа Хойд Солонгосын талаас хилийн харуулуудаа сольж, хамгаалалтаа чангатгажээ.
Харин шархадсан цэргийг аварсан БНСУ ба АНУ-ын цэргүүдийг Өмнөд Солонгосын засгийн газар одон медалиар шагнасан байна.
Сөүл дэх дипломат ажилтнууд өнгөрсөн лхагва гаригт /2017.11.22/ хоёр Солонгосын хиллэдэг Нэгдсэн хамгаалалтын зурваст очоод, цэрэг оргосон хэсэгт Хойд Солонгосын таван ажилтан гүнзгий шуудуу ухаж байхтай таарсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Ажилчдыг цэргүүд хянаж байсан гэнэ. Мөн Өмнөд Солонгостой хиллэдэг хилийн зурвас болон шуудууны хоорондох багахан зайд хоёр мод шинээр суулгасан байжээ.
Умардын цэрэг оргох үеэр Өмнөд Солонгосын талд хилийн манаанд гарч байсан БНСУ ба АНУ-ын тус тус гурван цэргийг дүрвэгчийн амийг аварсан гавьяаг нь үнэлж, Армийн сайшаалын одонгоор шагнажээ.
Эх орноосоо зугтсан цэргийн талаар Пхеньян ямар нэг тайлбар хийгээгүй байна. Цэргийн биеийн байдал тогтворжиж, амь насанд халгүй болсон тухай түүний хэвтэн эмчлүүлж буй Сөүл хотын Ажоу их сургуулийн нэгдсэн эмнэлгээс мэдэгдсэн билээ.
С.ЦЭЛМЭГ