Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурал өнөөдөр /2017.11.24/ “Corporate сonvention centre”-д болж байна. Улаан хивсний ёслолоор эхэлсэн баярын хурлаар шинжлэх ухааны салбарын дэвшил, эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ нээлт, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, эрдэм шинжилгээний шилдэг ажилтнаа шагнаж урамшуулсан юм. Ингээд Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
Нэгдүгээр байранд:
Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн багш, доктор П.Дэлгэржаргал, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор, Б.Батсүрэн нарын хамтарсан бүтээл “Монголын эртний түүх” таван боть ном,
Хоёрдугаар байранд:
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжингийн “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээл,
Гуравдугаар байранд:
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Г.Долмаагийн “Гумины бодисууд ба тэдгээрийн нанокомпозитын биологийн идэвх” бүтээл
МУИС-ийн багш, доктор Х.Тэрбиш, МУБИС-ийн доктор Х.Мөнхбаяр, доктор М.Мөнхбаатар нарын хамтарсан “Монгол орны хоёр нутагтан”бүтээл
Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн доктор, профессор Ч.Чимэдрагчаа, академич Б.Дагвацэрэн, доктор Б.Дэжидмаа, доктор Ц.Нямдэмбэрэл нарын багийн “Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей” бүтээлүүд оржээ.
Харин Шинжлэх ухаан технологийн сангаас өчигдөр /2017.11.23/ Шинжлэх ухаан технологи – 2017 үзэсгэлэнд оролцож буй 97 байгууллагын 300 гаруй инновацийн бүтээгдэхүүнээс хамгийн оновчтой, шууд бүтээгдэхүүн болгоод хэрэглэх эрэлттэй шинэ бүтээлүүдийг шалгаруулсан юм. Цаашид эдгээр шалгарсан бүтээлүүдээ хэрхэн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд анхаарлаа хандуулахаа Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал амлав. Тэрбээр шинэ санаа, бүтээлийг төрөөс хэрхэн дэмжиж, богино хугацаанд бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэхэд эрдэмтэд туслах аж.
Тэргүүн байранд:
Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой ИЛЧ -2.0 дулааны аккумлятор бүтээл шалгарчээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтдийн багийн бүтээсэн шөнийн цагийн цахилгаанаар халах фазын шилжилтийн дулааны аккумлятор нь оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэглэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барьж байх зориулалттай аж.
Хоёрдугаар байранд:
Арьс трейд ХХК-ний хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд бий болсон хром хүнд метал давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулах технологиороо байр эзэллээ. Энэ бүтээл үйлдвэрүүдээс гарч буй хром, хүнд метал, давс хүхрийн хүчил агуулсан хаягдал усыг зогсоож, саарал усыг гаргах, хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах зорилготой.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Отгоо, Ц.Дэжидмаа, Т.Батсүх, Д.Сангажав нарын зохион бүтээсэн “Уураг, амин дэмээр баяжуулсан эрдсийн шахмал тэжээл” бүтээл. Уг бүтээл нь өвөл, хаврын улиралд даарч, сульдсан малыг өлчиржүүлэх, тэжээлийн шимт бодисын шингэцийг 20-30 хувиар нэмэгдүүлж, зүй бусын хорогдол 10.2 хувиар, амьдын жингийн бууралтыг 12.1-13 хувиар бууруулна.
Гуравдугаар байранд:
Физик, технологийн хүрээлэнгийн П.Золбаяр, Ч. Баясгалан, Г.Бат-Эрдэнэ, У.Батхишигт, М.Бат-Орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт, удирдлагын систем”бүтээл,
Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны Уужим булган ХХК-ий Ж.Дугаржав, Д.Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч ях бэлдмэл” цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн муухай үнэрийг арилган хоргүйжүүлэн халдваргүйжүүлсэн бүтээл,
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй утаат агаарын бохирдлыг бууруулах зорилготой зохион бүтээсэн усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник – програмыг хосолсон биет бүтээл,
Тусгай байранд:
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн доктор Б.Бат-Эрдэнэ удирдагчтай “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” Шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд судлаач Б.Мөнхдоржийн боловсруулсан “ХОРИХ ЯЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАСАЖ ТООЦОХОД ХЭРЭГЛЭХ МАТЕМАТИК СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ” сэдвээр Нийгмийн инноваци хэлбэрээр хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн практикт нэвтрээд байна. Үүний дагуу 2017.07.01-05-ны хооронд шүүхээс нийт 3075ялтны хорих ялыг дүйцүүлэн хассан бөгөөд эрдэм шинжилгээний ахлах ажилтан хошууч Б.Мөнхдорж ирж шагнал гардлаа.