Ерөнхийлөгч ба Цаазын ял

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ба Цаазын ял

Ерөнхийлөгч ба Цаазын ял

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийн сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдвэт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2017.11.24/ Төрийн ордны Их танхимд болж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байгаагаа зарлав. Тэрбээр ‘ Өглөө босмогцоо л бид сэтгэл сэртхийлгэм хэргүүдийг сонсож байна.’Очир’ төвд 13 настай охин маш өндөр согтолттой амиа алдсан ноцтой хэргийг шийдвэрлэх ёстой. Нийгмийн энэ мэт үзэгдлүүдэд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зөв гэж үзэж ажлын хэсэг байгуулсан. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан байгаа. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй. Тиймээс цаазын ялын асуудлыг эргэн харах нь зүйтэй’ гэв. ‘Хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал зогсохгүй байна. Хөдөө мал маллаж байгаа хүүхдүүд хүнд нөхцөлд боолын хөдөлмөр эрхэлж байна. Нийгмээс хол, сургууль боловсролгүй өсч байгаа эрэгтэй хүүхэд ямар хүн болох вэ. Энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Түүнчлэн сайн санааны үүднээс хүүхэд асарч буй газруудын эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай’ гэж Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж ярилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлаар өмнө нь ажлын хэсэг байгуулсан бөгөөд ирэх долоо хоногоос холбогдох хуулийн төслийг УИХ-д барихаар болсон гэх мэдээлэл байна.

Монгол Улс цаазын ялыг халсан. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгаар ялыг сэргээвэл ямар сөрөг үр дагавартай талаар улстөрчид ямар байр суурийг илэрхийлснийг тоймлон хүргэе.


Х.Нямбаатар:

Бид хүний эрхийн фактуудад нэгдэж орсон. Үүнээсээ ухрах эрх бидэнд байхгүй. Цаазаар авах ялыг сэргээх нь Үндсэн хуулийн хүрээнд боломжгүй болсон. Цаазаар авах асуудал нь өөрөө том сэдэв, тооцоо, судалгааны үндсэн дээр хийгддэг ажил. Үүнийг хүн болгон дур, дураараа ярих нь хэр зохимжтой юм бүү мэд. Цаазаар авах ял нь “амийг амиар” гэсэн өс хонзонгийн сэдлээс үүдэлтэй гэж үздэг. Тиймээс хүмүүнлэг, ардчилсан нийгэм ийм ял байх ёсгүй гэж үздэг хүмүүс бий. Нөгөө хэсэг нь цаазаар авах ял байх ёстой. Энэ бол өөрөө цээрлэлтийн маш том хэлбэр гэдэг.

О.Баасанхүү:

Хуулийг хүнд зориулж баталдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хоморголон устгах аюултай үйлдлүүд хүний ухамсар ёс зүйд нийцэх ажил биш. Цаазаар авах ялыг яагаад эсэргүүцдэг вэ гэхээр гурван үндсэн шалтгаан байдаг. Нэг дэх нь, хүн хүнээ хороож байгаа юм гэж үздэг. Хоёрт, хэлмэгдүүлчих вий. Гуравт, орчин цагт цаазаар авахаас өөр янз бүрийн арга байж болно гэдэг.

Д.Цогтбаатар:

Хуулийн маш нарийн асуудал. Цаазаар авах ялыг сэргээх гэж халаагүй. Нэгэнт халсан бол энийг арав дахин бодож байж шийдлийг гаргах ёстой.Гэмт хэргийн нөхцөл байдал, цаазын ял гэмт хэргийг бууруулахад бодитой ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт тооцоо хийж байж, энэ шийдвэрийг гаргах ёстой.

Ц.Оюунгэрэл:

Дэлхийн нийтийн хандлагаас харахад дэлхийн 190 орчим улсаас 105 нь цаазын ялгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Гэмт хэрэг хийсэн тухайн этгээд ял шийтгэлээ мэдээж хүртэх ёстой. Гэхдээ цаазын ялын нэг дутагдал нь гэмгүй хүнийг цаазлах тохиолдол гардаг. Хэрэв дараа нь хэрэг хийгээгүй нь тогтоогдлоо гэхэд цагаатгах ямар ч боломжгүй.

О.Алтангэрэл:

Өнгөц харахад нэг жигшүүрт этгээдийг хороох эсэх талаарх асуудал мэт боловч цаад агуулгаараа хүний эрхийн цогц зүйл байдаг. Энгийнээр тайлбарлая, миний хувьд хэд, хэдэн шалтгаанаар цаазаар авах ялыг халсан нь зөв гэж үздэг. Хамгийн эхэнд би гэм буруугүйд нь огт эргэлздэггүй байсан, ядуугаас өөр буруугүй нэгэн залуу хилсээр цаазлуулахыг харсан өмгөөлөгч хүн. Манай ахмад, туршлагатай өмгөөлөгчдийн ажиллаж байсан хэрэг л дээ. Энэ хэргийн талаар би өмнө нь өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан олонд хүргэж байсан. Нөгөө талаар олон улсын эрх зүйн хувьд Монгол Улс цаазаар авах ялыг эргэж сэргээх бараг л боломжгүй болсон. Хэдийгээр үндэсний хууль тогтоомжоо хэрхэн батлах нь бидний хүсэл зоригийн асуудал мэт боловч 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор бид үүрэг хүлээсэн. Тэгэхээр нэгэнт хүний эрхийн талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ дотоодын хууль тогтоомжийг эш татаж ухарч болохгүй.

О.Мөнхсайхан:

Цаазын ялыг халах дараагийн том шалтгаан бол үүнийг улс төрийн зорилгоор ашигладаг. Жишээ нь 1930-аад онд Монголчууд 30,000 гаруй гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлж цаазалсан. Сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллага, тагнуулыг улс төрийн зорилгоор ашиглах явдал их ажиглагдаж байна. Ийм нөхцөлд цаазаар авах ялыг сэргээх юм бол улстөрчид өрсөлдөгчөө гэм буруугүй байхад нь гүтгэж, хэлмэгдүүлэх өндөр магадлалтай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж