Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнөөдөр /2017.11.24/ хуралдаж, нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Зарим төрийн байгууллагын урсгал зардлыг 7 тэрбумаар нэмэх саналыг төсвийн тодотголдоо тусгажээ
Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр зургаан тэрбум 337.5 сая, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого хоёр тэрбум 685.5 сая төгрөгөөр тус, тус тасарчээ. Тиймээс нийслэл улсын төсөвт төвлөрүүлэх орлогоо найман тэрбум 238.3 сая төгрөгөөр бууруулж, 151 тэрбум 467.3 сая төгрөг болгон өөрчилж төсөвтөө тодотгол хийж байна.
Үүнээс гадна улсын тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал гээд үйлчилгээний салбарын байгууллагуудын 2017 оны урсгал зардлыг зургаан тэрбум 939.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 329 тэрбум 688.9 сая төгрөг болгохоор тодотголд тусгажээ.
Нийслэлийн Засаг даргын багийнхны боловсруулсан 2017 оны төсвийн тодотголыг энэ чигээр батлах эсэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн саналаар шийднэ. Хурал одоо завсарлаад байгаа бөгөөд 16.00 цагийн орчимд эргэн орно.
НИТХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Зорчигч тээврийн автобус III баазыг нүүлгэн шилжүүлэх, шинээр барих ажилд зориулан хоёр тэрбум 994,6 сая төгрөгийг тодотголд тусгажээ. 2017 оны төсвийн жилийн ихэнх хугацаа дуусаж нэг сар үлдсэн, өвлийн улирал эхэлсэн энэ үед хоёр тэрбум 994,6 сая төгрөгөөр автобус баазыг нүүлгэх боломжгүй бөгөөд эхний ээлжид хийх ажил нь тодорхой бус гэж үзэж байна. Энэ тухай НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Автобус баазыг нүүлгэхэд зориулж, хоёр тэрбум 994,6 сая төгрөг тусгасныг дэмжих боломжгүй. Энэ хөрөнгөөр хотын иргэдийн өмнө нэн тулгамдсан ажлын байр нэмэгдүүлэх, тэр дундаа хүүхдэд чиглэсэн төсөл арга хэмжээнд зориулах нь зүйтэй” гэв. Үүнд,
АН-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачилсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” бий болох ажлыг эхлүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд нэг тэрбум төгрөгийг суулгах,
Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 994,6 сая төгрөг суулгах,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах хүрээнд Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих сан байгуулахад нэг тэрбум төгрөгийг суулгах санал оруулсан юм.
Харин НИТХ дахь МАН-ын бүлгийг төлөөлж, төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Улсын эдийн засаг амаргүй байсан ийм үед өмнөх нийслэлийн багийнхны тавьсан 33 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан. Энэ хөрөнгийг хэдэн уул ам руу зам тавьж, хэдэн сургууль, цэцэрлэгийг өргөтгөхөд үр ашиггүй зарцуулсан байсан ” гэсэн юм.
Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлого 2016 оны төсөвтэй харьцуулахад 76,7 тэрбум төгрөг буюу 14,1 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал 2016 оны батлагдсан төсвөөс 16,8 тэрбум буюу 5,8 хувиар нэмэгджээ.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ