Ухралт дүүрэн Улаанбаатарын удирдлагуудад хариуцлага тооцъё

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Ухралт дүүрэн Улаанбаатарын удирдлагуудад хариуцлага тооцъё

Ухралт дүүрэн Улаанбаатарын удирдлагуудад хариуцлага тооцъё

Иргэдээ сонсож, ээлтэй бодлого баримтлах учиртай Нийслэлийн удирдлагуудад хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ. Нийслэлчүүдийг эрүүл аюулгүй, ая тухтай байлгах бодлого чиглэлээр тасралтгүй хангаж ажиллах ёстой НИТХ гэхэд Сандуйгийн асуудлаас үүдэн 5 дугаар сараас хойш хуралдаж чадахгүй удаа дараа хуралдаанаа хойшлуулсны эцэст саяхан хуралдаж, тайлангаа хэлэлцсэн байна. Гэтэл биелээгүй, дутуу, зорилтдоо хүрээгүй ажлуудыг ихэнхийг нь 100 хувийн биелэлттэй гэж цаас дүгнэсэн тайлан танилцуулсан байна. Үүнд НИТХ-ын төлөөлөгчид, тэр дундаа сөрөг хүчин АН-ын бүлгийнхэн нэлээд бухимджээ.

Энэ нь ч аргагүй аж. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан Улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох эхний жилийн 26 зорилтын гүйцэтгэл 88 хувьтай биелсэн, нийслэлчүүд 89 хувийн аз жаргалтай амьдарсан гэж тайлагнаж байгаа нь нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ амьдралаас хол тасарсны бодит жишээ юм. Авлигал, ядуурал, ажилгүйдэл зэрэг асуудлаас үүдэн нийгмийн бухимдал дээд цэгтээ тулаад байгаа энэ үед утаан дундаа амьдран суугаа Улаанбаатарын иргэд 89 хувийн аз жаргалтай амьдарсан гэвэл тэр бүр хүн итгэхгүй л болов уу. Гэтэл Аз жаргалтай байлгах чиглэлээр хийсэн ажил нь аз жаргалын индекс тооцох аргачлал боловсруулахад тэрбум төгрөг зарцуулснаас өөр зүйл байхгүй байхад нийслэлүүдийг 89 хувийн аз жаргалтайгаар дүгнэсэн байна.

Мөн “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлэн хороо бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 77 хувьтай байгааг 85 хувьд хүргэнэ гэж амласан. “Нийслэл хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэггүй хороо 26 байсан бол 2017 онд Баянзүрх дүүргийн 24, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд цэцэрлэг баригдана” гэж төлөвлөгөөнд байсан. Энэ ажлын биелэлт 100 хувь гэж НИТХ дээр танилцуулсан ч хэрэгжилт нь хүлээгдсэн хэвээрээ байгаа аж.

Нийтийн тээврийн төсөлд Монголын талын хүлээх үүрэг бүхий 5.3 тэрбум төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт баталжээ. Гэтэл энэ чухал ажил төслийн нэгж байгуулаад л бүтэн жилийг өнгөрүүлжээ.

НИТХ-ын 2016 оны 6 дугаар сарын 10-ны 120 дугаар тогтоолоор баталсан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтэд олгох байсан 20 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд хассанаар орон сууцаа хүлээж байсан 3200 орчим айлын орон сууцанд орох боломж үгүй болсон байна.

Хотын дарга Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум воны хөрөнгө оруулалт аваад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн 6000 орон сууц барина, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийг түрээсийн орон сууцанд оруулна гэж амласан. Харамсалтай нь, нүдэнд харагдаж гарт баригдах бодит бүтээн байгуулалт алга байна.

Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/889 дугаар захирамжаар “Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн хүрээнд 9 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж баталсан байсан. Уг төлөвлөгөө хэрэгжсэн бол гэр хороололд 10 000 орчим айлын холимог орон сууцны хороолол бий болж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдэж, 1500 орчим ажлын байр шинээр бий болох байжээ. Одоо энэ ажлын нь “Энэ нь ингэж биеллээ” гэж тайлагнах бодит бүтээн байгуулалт огт харагдахгүй болсон. Харин Засгийн газар, нийслэл, дүүрэг, салбарын яам, нийслэл гээд барилга, хот байгуулалтын асуудалд хамааралтай дарга бүхэн хийсэн ажлынхаа тайланд хийх гэж байна, бэлтгэл ажлыг хангуулж байна гэхээс өөр үггүй болсон байна

Өөрсдөө хийхгүй, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэхгүй хэрнээ боломжоороо зээл аваад бизнес эрхлэх иргэдээ дэмжихийн оронд саад болох нь хэрээс хэтрээд байна. Тухайлбал, 2015 оноос эхлэн 115 хороонд бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй Хадгаламж зээлийн хоршоодыг шахах бодлого баримтлах болжээ.

Энэ мэтчилэн Нийслэлийн удирдлагуудын хийсэн гэх ажил бүр нь гацсан, тээглэсэн, эсвэл өмнөх удирдлагынхаа хийсэн ажлыг үгүйсгэсэн, ухарсан, урагш алхахааргүй шийдлүүд болж хувирсан байна.

Нэг нам дийлэнх олонхоо бүрдүүлсэн НИТХ ирцээ бүрдүүлж чаддаггүй. Хуралдахаараа томилгоо ярьдаг, томилгоогоо тохиролцож чадахгүй болохоороо завсарлага авдаг. Энэ байдлаас харахад жил гаруйхны хугацаанд нийслэлийг удирдсан МАН-ын удирдлагууд 2020 он хүртэл Нийслэлийг удирдахад юу болохыг төсөөлөхөд хүндрэлтэй болоод байна. Нэг жил гэдэг ажил хийх хүнд бага хугацаа биш. Гэтэл хийгээгүй ажлаа хийсэн болгож, хоосон ганган үгсээр ажлаа тайлагнах хэрнээ нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байсан ажлыг улстөрийн зорилгоор гацааж байгаа нийслэлийн удирдлагуудаас итгэж хүлээх зүйл үлдэхгүй бололтой. Магадгүй НИТХ-ыг тараах нь хамгийн зөв гарц ч байж мэдэх юм.

Эх сурвалж: www.ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж