Япон орны тухай ихийг ярьж болно. Алдарт Фүжи уул, дур булаам сакура цэцэгс, хүнээс ялгагдахгүй болтлоо хөгжсөн роботууд, япон хүний хөдөлмөрч шаргуу зан чанар гээд олныг тоочиж болно. Бас дэлхийн гурав дахь тэргүүлэгч эдийн засагтай орон, технологийн асар хурдацтай хөгжил дэвшлийн зэрэгцээ хүн амын дундах амиа хорлолтын түвшин дэлхийн бусад улс орнуудаас хамгийн өндөрт тооцогддог. Хэт их ажлын ачаалал, дээрээс нь ажлын хэнхэг ч гэж болох ажилдаа хэт донтох зэргээс шалтгаалж япон залуусын дунд ганцаардал газар авчээ. Харин тэдний энэ мэт асуудлыг даван туулахад нь туслах хачирхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээ Японд цөөнгүй байдаг аж.
НАЙЗ БҮСГҮЙГ ОРЛОХ РЕЗИН ХҮҮХЭЛДЭЙ
Бүтэлгүй хайраас зүрхэндээ шархтай хоцорсон залуус, эсвэл өөрт тохирох хүсэмжит бүсгүйгээ олж чадалгүй төөрч яваа залуус яг л амьд мэт хүүхэлдэйг сонгодог гэнэ. Жинхэнэ найз бүсгүйн оронд хүүхэлдэй сонгох шалтгаанаа тэд “Энэ “охин” мөнгө, бэлэг нэхэхгүй, бас хардаж, хэрүүл маргаан хийж, дуулиан шуугиан тарьдаггүй” гэж тайлбарладаг ажээ.
ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Тэжээвэр амьтны түрээс гэдэг Японд нэлээд эрэлттэй үйлчилгээ гэнэ. Яагаад тийм алдартай болсныг тайлбарлах тун хялбар. Нийтлэг орон сууцууд маш бага талбайтай байдаг учир хүссэн болгон гэртээ амьтан тэжээх боломж, бололцоо тааруу. Түүнчлэн ажлын шахуу хуваариас болоод амьтан тэжээх, асрах цаг зав тун хомс ажээ.
ТӨЛБӨРТЭЙ БОЛЗОО
Хэн нэгний мөрийг түшээд сэтгэлээ уудлах, эсвэл зүгээр л ганцаардсан сэтгэлээ тайтгаруулах гэж хэн нэгийг тэврэх гэдэг хүний харилцааны “тансаг хэлбэр”-т тооцогддог гэнэ. Тиймээс ч Японд энэ “тансаг хэрэглээ”-г худалдаж авч болно. Түгээмэл байдаг энэ үйлчилгээг ихэнхдээ ахимаг насны эрчүүд сонгодог гэнэ. Тэд залуухан, хөөрхөн охидтой болзож, хань болсны хариуд төлбөр төлж, үнэтэй бэлэг авч өгдөг ажээ.
ВИРТУАЛ ЭХНЭР
Технологийн хөгжил дэвшлийн “ачаар” япончууд виртуал орчинд өөрийн хүсэл таашаалд нийцүүлэн бүтээсэн хэн нэгэнтэй үерхэж, болзож, ханилж болдог болжээ. Тэд хийсвэр ертөнцөд орших найз бүсгүйгээ болзоонд урьж, бэлэг авч өгч, онцгой тансаг газарт хуримлаж ч болно. Хуримын ёслолдоо урлаг, спортын алдартан, ерөнхий сайдыг урих боломжтой.
ГЭР БҮЛ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Ганц бие эхнэр, эсвэл нөхөр, хүүхэд “түрээсэлж”, өөрийгөө гэр бүлтэй нэгэн мэтээр төсөөлөх дуртай байдаг аж. Амралтын өдрүүдэд тэднийгээ дагуулаад паркт зугаалж, хамтдаа хооллож, “эхнэр”-тэйгээ дэлгүүр хэсдэг. Үйлчилгээ төлбөр чамгүй өндөр. Дунджаар цагийн 700 ам.доллар орчим байдаг аж. Гэсэн ч эрэлт ихтэй бизнес гэнэ.
ХАЙРЫН ЗОЧИД БУУДАЛ
Японд орон сууц, байрны талбай бага, түрээс нь маш өндөр. Тиймээс ч залуу хосууд хоёулхнаа байхын тулд “хайрын зочид буудал”-ыг сонгодог. Романтик орчин бүрдүүлсэн жижиг зочид буудалд хосууд “фантази”-аа бодитоор биелүүлдэг ажээ. Богино хугацааг өнгөрүүлэх зориулалттай иймэрхүү газрууд Японд чамгүй олон бий гэнэ.
С.ЦЭЛМЭГ