Ихэнх орос иргэн өөрсдийн авдаг цалиндаа сэтгэл хангалуун бус байгааг HeadHunter төвөөс хийсэн судалгааны дүн нотолж байна. Судалгаанд оролцогчдын 69 хувь нь хийдэг ажилтай нь цалингийн хэмжээ нь дүйцдэггүй гэж үзэж байгаа бөгөөд дөнгөж гурван хувь нь л цалиндаа сэтгэл хангалуун байна хэмээн тус төвөөс гаргасан тайланд дурджээ.
Авч байгаа цалин нь амьдралын үндсэн хэрэгцээг хангадаггүй хэмээн 35 хувь нь хариулсан нь өмнөх 2016 онтой харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Цалин чинь амьдралд хүрэлцэхгүй байгаа юм бол яаж амьдралаа болгодог юм бэ гэсэн асуултад 30 хувь нь халтуур хийдэг гэсэн бол 28 хувь нь эхнэр, эсвэл нөхрийн цалингаар болгодог гэжээ.
Салбараар авч үзвэл шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллагсдын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгааг судалгаа харууллаа.
Цалингийн дийлэнх нь хүнсний худалдан авалтад зарцуулагдсан хэвээр байгаа бөгөөд 79 хувь нь цалингаа хүнсний хэрэгцээнд бүрэн зориулдаг гэжээ. Хүнснээс гадна орон байрны зардал, байрны түрээс, байрны зээлийн төлөлтөд цалин зарцуулагдаж байна.
Дундаж цалингийн хэмжээгээр Москва /62 мянган рубль/, Санкт-Петербург /47 мянган рубль/, Москва муж /46 мянган рубль/ тэргүүлж байна.
Судалгааг 9560 хүнийг хамруулан энэ оны аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 7-ны хооронд хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ