Волга мөрөнд аялагчдын хөлөг живж 100 гаруй хүн сураггүй алга болсон хэрэг хойд хөршид гарлаа. Москва хотоос 750 км зайтай Татарстан мужид живсэн хөлөгнөөс хэдэн арван хүнийг аварсан авч хоёр хүн амиа алдсан байна. Булгар хотоос Казанийг зорин хөвж явсан “Булгариа” хөлөг дээр зорчигчдоос гадна хөлгийн багийнхан нийлсэн 180 гаруй хүн байсан гэнэ. Алга болсон хүмүүсийг хайж аврах ажиллагааг харанхуй болтол үргэлжлүүлжээ. Цаг агаарын таагүй байдал, хуучирсан хөлөг онгоцны механик саатал болон хэт их ачаалал ослын шалтгаан болсон байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Аврах багийн шумбагчид алга болсон хүмүүсийг хайсаар байгаа боловч найдвар улам багасч байгаа гэнэ. Аялал жуулчлалын нэгэн компанийн эзэмшдэг 55 жилийн настай “Булгариа” хөлөг онгоц ОХУ-ын цагаар ням гаригийн 14 цагт аялалд гарсан даруйдаа ердөө хэдхэн минутын дотор живсэн гэж гэрчүүд мэдээлжээ. 80 метр урттай хөлөг онгоц Казанийн Сукеево тосгоноос хэдэн км зайд живсэн байна. Ослоос амьд гарсан нэгэн хүн “Хөлөг онгоц хуучирч, найдваргүй болсон байсан” гэжээ. Живсэн хөлгөөс амьд гарсан хүмүүс Казанийн телевизээр гарахад гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд нь ирсэн гэнэ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар аялалд гарахаас өмнө хөлгийн тавцан дээр тоглож байсан 30 гаруй хүүхэд бүгд живсэн ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев сураггүй болсон хүмүүсийг хайх эрлийг үргэлжлүүлэхийг тушаал гаргажээ. Тус улсын хамгийн өргөн Волга мөрөнд хөлөг онгоц, завьтай аялагчдын ид улирал эхэлсэн ажээ.
Н.Энх