“Булшаар дүүрсэн Монголын тал нутаг”

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

“Булшаар дүүрсэн Монголын тал нутаг”

“Шинэ ном” булангаараа энэ удаа зохиолч Огоонус Цогтын “Булшаар дүүрсэн Монголын тал нутаг” зохиолын тухай танилцуулж байна.


Хятад улс хэрхэн Өвөрмонголыг өөрийн эрхшээлд оруулсан тухай өгүүлэх ‘Булшаар дүүрсэн Монголын тал нутаг’ номын доод ботийн агуулгыг танилцуулъя. Энэхүү номын агуулгыг бүрэн дүүрэн ярихын тулд хэд хэдэн эх сурвалжийг давхар эш болгосноо ‘хярамцаглан’ хүргэж байна. Энэхүү ном эхнэр, нөхөр, ах, дүү, хамаатан саднаа Соёлын хувьсгалын үед алдаж байсан өвөрмонголчуудын дурсамжаас бүтжээ.

1947 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХКН ӨМӨЗО-ыг байгуулах шийдвэр гаргаж, Засгийн газрын тэргүүнээр Улаанхүү гэдэг хүнийг томилжээ. Улмаар Өвөрмонголыг хоёр өөр нэгжид хуваан, зүүн хэсгийг ӨМӨЗО, баруун хэсгийг Шаньси муж хэмээв.

1945 онд Японы эсрэг хийсэн дайнд Хятад улс ялах нь тодорхой болсон байв. Харин Хятадын дотоодын үймээн самуун /Төвд, Өвөрмонгол гм/ газар авах шинжтэй болсон тул тогтвортой байдлаа хангах хэрэгтэй болсон тул ХКН Өөртөө засах эрхтэй болгосон байна. Улаанхүү монгол хүний хувьд үндэстнээ нэгтгэх, нэгэн улс болгох, улмаар Монгол улстай эргэн нэгдэх алсын бодолтой байжээ. Гэвч хожим нь тэрбээр хамгийн том үндэстэнг хагалан бутаргагч нэр зүүсэн байна. Мао Зэ Дун Соёлын хувьсгал нэрээр Хятадын коммунист намаас хуучны бюрократуудыг буюу “капиталист замнагч” нарыг шахан зайлуулж эхэлмэгц Улаанхүү болон бусад өвөрмонгол удирдлагууд хавчигдаж эхэлсэн байна.

Соёлын хувьсгал 1966-76 оны хооронд арван жил үргэлжилсэн. “Хятадын уламжлалт соёл коммунист хувьсгалд ихээхэн садаа болж байна” хэмээн Мао Зэ Дун үзжээ. Тиймээс тэр саад болсон “тушаанаас” салах хэрэгтэй хэмээн соёлын хувьсгалыг эхлүүлж. Гэхдээ энэ нь наанаа ийм уриатай боловч, онолоор тархиа угаалгасан оюутнуудын хүчээр Хятад улсад нэгтгээд байгаа боловч бослого, тэмцэл, тусгаар тогтнох гэж удаа дараа оролдож байгаа Төвд болон Өвөрмонголын тэмцэгчдийг дарах алсын бодолтой байжээ. Монгол ардын дууг “Феодалын үлдэгдэл” хэмээн дуулахыг хориглосон нь эхний, энгийн алхмууд байв. Соёлын хувьсгалын өмнө Өвөрмонголд 7 сая хүн амьдарч байгаагийн 1 сая нь монгол үндэстэн байжээ.

“Дайсандаа бэлгийн хүчирхийлэл болон ямар ч хүчирхийлэл хэрэглэж болно”… Энэ бол өвөрмонголчуудын амийг хулганын чинээ ч бодож хэрэггүй хэмээж байсан хятадын коммунистуудын алуурчдадаа заадаг үг нь байж. “Нэгийг албал хүүрийг нь тэнд нь орхи, хоёрыг албал давхарлаад орхи, олныг хороовол нууранд аваачиж хая” гэж тушаадаг байж. Учир нь “Жижиг үндэстэнд хууль үйлчлэхгүй”, “Социалист Хятад улс бол жижиг үндэстэнд угаасаа итгэдэггүй”… юм.

1921 оны хувьсгалын дараа Монгол улсын гадаад бодлогын нэгэн чухал чиглэл нь Өвөрмонгол болон бусад монгол үндэстнээ нэгтгэх байлаа. Иймээс 1923 онд Баргын Мэрсээ нарын Өвөрмонголын хувьсгалчид МАХН-ын салбарыг Өвөрмонголд ӨМАХН нэрээр байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлжээ. 1923,24 онд Монгол улсад 50 шахам өвөрмонгол залууг их, дээд сургуульд сургаж байсан байна. Мөн 50 өвөрмонгол залууг монголчуудын зардлаар цэргийн сургуульд сургаж байжээ. Энэ хүмүүс нь Өвөрмонголдоо ирээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрийн цэргийн хүчийг бий болгож ч байж. Баргууд гэхэд Монгол улстай нэгдэх хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж эхэлсэн зэрэг нааштай өөрчлөлтүүдийг Хятад, Орос хоёр улс хамсран няц дарсан байна. 1957 оны хавар БНМАУ-д Хятадын ӨМӨЗО-ны ахан дүүсийг цагаачлалын хэлбэрээр олноор нь хүлээн авъя гэсэн хүсэлт гаргаж хүртэл байсныг хавсран даржээ.

Соёлын хувьсгалын үеэр ӨМАХН-ын 1000 гаруй гишүүнийг нь буудан хороосон. “ӨМАХН-ын гишүүд ингээд үхээд байвал бид нар тайван амьдарч чадна” гэж ил тодоор хэлж байж.

Хувьсгалын эсэргүүн гэгдэж байсан монголчуудыг хошууны сум бүрт тэгш тоогоор хуваарилан, дараа нь малчдыг цуглуулж хурал хийгээд олон нийтийн өмнө цаазалдаг байжээ. Цаазлуулсан хүмүүсийн цусыг мантуунд шингээж өвчин эдгээх “эм” болгодог байсан нь олон нийтийн өмнө үйлдэгдэх энэхүү цаазыг баяр ёслол болгон хувиргадаг байж.

Соёлын хувьсгалаар зөвхөн эрүү шүүлтээр гэхэд л сая гаруй хүн тамлагдан үхсэн гэсэн тооцоо байдаг. Үүний дотор 500 мянган өвөрмонголчуудыг баривчилж, 100 мянгыг нь алсан байна.

Хятад улс бол жижиг үндэстэнг өөртөө нэгтэж авах өөрийн “технологитой” улс аж. Соёлын хувьсгалын дараа Өвөрмонголд “манрюү” нар үй олноороо бий болсныг монголчууд гэнэтхэн анзаарчээ. Энэ нь тодорхой зорилгогүй хятад ногоочид болон гэмт хэрэгтнүүд юм. Монголчууд тэднээс ихэд айдаг байсан байна. Соёлын хувьсгалын дараа Өвөрмонголд харьяалалтай хүн амын тоо 16 саяд хүрсний дөнгөж 1.5 сая монгол үндэстэн байжээ. Мөн удалгүй Сичуан мужаас нэг сая хятад тариачин суурьшуулах тогтоолыг ХКН гаргаж байж. Энэ нь Өвөрмонголыг Монголтой нэгтгэх ажлыг улам бүр ярвигтай болгожээ.

Соёлын хувьсгалын дараа Монголын манлайлагчдаас нэгийг нь ч үлдээлгүй хядаж, ажилд нь ахиц гарсан гэж үзсэн тул ХКН 1969 онд цэргийн дэглэм оруулах шийдвэр гаргаснаар монгол үндэстнээ нэгтгэх ажил бүтэлгүйтжээ.

Хоёр монголыг нэгтгэхгүйн тулд бичиг үсгийг нь хүртэл өөрчилсөн. Үүнийг бид түүхэндээ оросуудын нөлөөгөөр хийсэн гэж боддог ч хятад, орос улсын тухайн үеийн удирдлагууд үүн дээр санаа нэгдсэн учир Монголд хүчээр тулгажээ. ”Адилхан кирилл үсэг, адилхан орчин үеийн үгийн санг хамтдаа хэрэглэж чадахгүй болсон монгол хүмүүсийн хооронд харилцааны дутуу дулимаг байдал үүснэ” гэж Жоу Ин Лай найдаж байжээ. Тодорхой хэлбэл, Монгол улс Өвөрмонголтой адил уйгаржин бичигтэй байгаад байх аваас хэл соёлын хувьд адил хэвээр байж, нэгдэж нийлэх сонирхол мөнхөд үргэлжлэх тул, тас цохих хэрэгтэй байжээ. Ингэж өвөрмонголчууд уйгаржин бичигтэй, монголчууд кирилл үсэгтэй болсон байна. Жоу Ин Лайгийн бас нэг үг бол “Монгол хүмүүсийг олноор нь хоморголон хөнөөсөн нь зөв байсан” гэсэн үг юм. Энэ нь газар нутаг нь хүнээсээ илүү чухал ач холбогдолтой гэсэн утгыг шуудхан хэлсэн үг.

Учир нь монгол хүн хичнээн үхсэн ч булах газар хангалттай байна шүү дээ гэж үздэг байжээ.

Эх сурвалж: amartuvshind.blogspot.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж