Манжийн үед монголчууд нуух зүйлээ далд, урвуу утгаар ярьж ойлголцдог арга ухаанаа “буруу ярьж, зөв ойлгох” гэж хэлдэг байжээ. Харин өнөө цагт ийм ухаанаар бус бодож тунгаахгүй, анхаарч анзаарахгүй байгаагаасаа болж буруу ярьж, зөв ойлгоод байна аа, бид. Үүнийгээ “Бид буруу ярьж, зөв ойлгодог мундаг хүмүүс шүү!” гэж мунгинаад байгаа нь ичмээр дамшиг юм. Буруу ярьж зөв ойлгосноос болж будилж, төрч магадгүйн хэд гурван жишээг хэлье.
Их, олныг заасан “нэлээд” гэсэн үгийг улам их болгох гэж “-гүй”-г залгахаар эсрэгээрээ “нэлээдгүй” буюу нэлээд биш, бага болоод байгааг ойлгохгүй “их” гэж ярьж, ойлгоод байх юм. “Төр нэг иргэнд газар өгөх гэж нэжгээд олон хүний өмчид халджээ…” гэсэн өгүүлбэрийн “нэжгээд”-ийг “нэлээд хэд” гэсэн утгаар буруу ярьсныг нь яг тэгж зөв ойлгоод байх юм. Уг нь “нэжгээд” гэж “нэг нэг”, “хошоод” гэж “хоёр хоёр” гэсэн утгатай юм. Жинхэнэ буруу ярьж зөв ойлгоно гэдгийн үлгэр шүү дээ, хүмүүс ээ. Үргэлжлүүлэн “омогших”, “тулгатай хүн” гэсэн үгсийг хэрхэн буруу ярьж зөв ойлгодог хийгээд яаж зөв ярьж, зөв ойлгож байхыг тайлбарлан хүргэе.
“…Хоолой зангируулан омогших монголчуудын сэтгэл…, “…сонсохоор л өөрийн эрхгүй омогших юм.”, “Монголчууд бид амжилтаараа омогших дуртай хүмүүс.” гэж уяран дуулж, хойлой нь зангирах хүмүүс зөндөө. Уг нь огшоод байх шиг байгаа юм, тэр хүмүүс. 2008 онд бид олимпоос анхны алтан медалаа авахад дотроос нэг юм хөөрч, өөрийн эрхгүй баярын нулимс аяга дүүрч байсан даа.Тэр чинь огшиж байгаа нь. Яагаав, наадмын нээлтээр “Мөнх тэнгэрийн хүчин доор” киноны сүрлэг хөгжим эгшиглэж, 9 хөлт цагаан туг нар зөв тойрон орж ирэхэд монгол хүн бүрийн чээжинд нэг юм оволзоод л, баяр бахархал төрдөг дөө. Ийн санаа сэтгэл хөөрч, баяр баясал болон гадагшлахыг огших гэнэ. Ерөөс аливаа юм өөрийн эрхгүй дээшлэхийг огших гэдэг. Жишээлбэл, шалны хадаас дээшлэх, сэлэм хуйнаасаа аяндаа сугарахыг ч хадаас огшжээ, сэлэм огшжээ гэнэ. Тэр байтугай нар мандах, хүүхэд гулгихыг ч огших гэдэг байна.
Харин омогших гэдэг нь омог төрөх, бардам, дээрэнгүй болох гэсэн утгатай. “Омгийн оройд эрдэм тогтохгүй, оргилын оройд ус тогтохгүй”; “Омгоор явбал дайсан болно, Олсноо барвал гуйранч болно”; “Омогшсон хүн ордгүй, Оройтсон хүн олзгүй” мэт “омог”, “омогших” гэдэг үгтэй зүйр цэцэн үг, хэлц үгийг ухан судалбал энэ мэт тааруухан утгууд гараад байгаа нь үүний баталгаа.
Тэгэхээр чээжинд оволзоод байгаа юм баяр хөөр болж гарах нь огших, уур уцаар, хий бардамнал болж гарах нь омогших байх нь ээ. Ямар ч л байсан энэ хоёр үгийг их сайн бодож хэрэглэхгүй бол монголчууд омогтой, цаашлаад амжилтаараа сагсуурдаг ард түмэн болж магадгүй нь ээ.
Мэдэхгүйдээ бус, бодохгүйдээ буруу ярьдгийн бас нэг жишээ нь “тулгатай хүн”, “тулхтай хүн” гэсэн хоёр үгийг хольж солих явдал. “Тулга” гэдгийг хэн хүнгүй мэдэх ч “тулх” гэж үгийг мэдэхгүйдээ юү, бодоогүй дээ юү “Баяр ч тулгатай хүн дээ” мэт ярьж, бичээд байдаг болчихлоо. Яриаг нь сонссон хүн “галын тулгатай хүн” гэж ойлгохгүй, “түшигтэй, нуруутай хүн дээ” гэж яг зөв ойлгоод байгаа нь тун сонин. Ингэж буруу ярьж, зөв ойлгоод байвал алсдаа “тулх” гэдэг сайхан монгол үг “тулга” гэдэг үгэнд шахагдан, үгийн сангаас арчигдах гэмтэй.
Буруу ярьж зөв ойлгохын буруутан нь бодож сэтгэхдээ хойрго болсонд байгаа юм уу даа? Түүний шалтгаан нь бодож сэтгэх, дүгнэж цэгнэх цаг зав өгөхгүй байгаа товч дараад л идэж уух бэлэн амьдрал, үнэн худлаагаар сүлэлдэж, багтаж ядсан мэдээлэл хоёр байж болох талтай. Яагаад гэвэл дэлхийн “диваажинд” амьдардаг америкчууд “Хэт бэлэн амьдралаас болж бүгдээрээ сэтгэхээ больчихлоо. Одоо яах вэ?” гээд сандраад байна, цаана чинь…
“Егөөтэй 99 тайлбар” номын “Буруу ярьж зөв ойлгоно гэж яг юу вэ?”
өгүүллийн хэсгээс