Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сүмочийг зодож, танхайрсан гэх хэрэгтэй холбогдуулан Японы сүмогийн холбооноос Таканоива А.Баасандоржоос болсон явдлын талаар мэдээлэл авах гэсэн ч түүний багш, ояката Таканохана татгалзжээ.
“Би үүнийг зөвшөөрөхгүй. Хэргийг цагдаа шийднэ” гэж ояката Таканохана кюүшюү башёгийн үеэр Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакүд хэлсэн тухай Японы “Асахи” сонин мэдээллээ.
Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү өнгөрсөн лхагва гаригт /2017.11.22/ ояката Таканоханаг кюүшюү башё болж буй Фүкүока Кокүсаи төвд дуудуулсан байна. Таканохана үдийн алдад ордонд очиж, ноён Хаккакүтэй уулзжээ. Уулзалт 25 минут үргэлжилсэн гэнэ.
Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл болсон явдлын талаар Таканоивагаас өөрөөс нь тодруулж, лавлах зүйл байгаа талаар Хаккакү тайлбарлаж, хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд дэмжиж ажиллахыг хүссэн ч ояката Таканохана татгалзжээ. Үүнээс өмнө ч Таканохана шавийгаа болсон явдлын талаар мэдээлэл өгүүлэхээс татгалзсан юм.
Таканоивагийн гэмтлийн талаар эмчийн дүгнэлт зөрүүтэй байснаас үүдэн эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул нарийн тодруулах шаардлагатай гэж Японы сүмогийн холбоо үзэж байгаа аж.
Холбооны удирдлагууд Харумафүжи Д.Бямбадоржоос байцаалт, тайлбар авсан, одоо хэргийн хохирогч болох Таканоивагаас асууж тодруулах шаардлагатай байгаа ч дэвжээний ояката ийнхүү татгалзсаар байгаа гэнэ.
С.ЦЭЛМЭГ