УИХ-ын чуулган өнөөдөр хуваарийн дагуу 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй, хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Хуваарь ёсоор чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл 14.00 цагт уламжлалын дагуу товлогджээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байна.
МАН-ын 28-р Их хурал, Бага хурал энэ долоо хоногт болж өнгөрсөнтэй холбогдуулан Засгийн газар, байнгын хороодын хурал хойшилсон юм. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр үдээс өмнө хуралдуулаад завсарлуулсан билээ.
Ш.ОЧ