МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр/2017.11.23/ болж, нийт гишүүдийн 74.5 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонголоо.
МАН-ын дүрэмд зааснаар МАН-ын дарга нь хамтран ажиллах ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Энэ жишгээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн бол заалнаас Б.Баярмагнай өрсөлдөж, Бага хурлын гишүүд дээрх сонголтыг хийсэн байна.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа арванхоёрдугаар сард Бага хурлаа хийж, сонгуулийн үр дүнгээ хэлэлцэн Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байдаг. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр сонгогдон ажиллах болсон учраас намын “гал тогоо”-г Д.Амарбаясгаланд шилжиж ирсэн юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа Д.Амарбаясгалан нь ШУТИС-ийн Холбоо мэдээлэл технологийн сургуулийг инженер, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус, тус суралцан төгсчээ.
2008 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, 2013 онд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр тус, тус сонгогдон ажиллаж байжээ.
Г.ХОРОЛ